МУАЖ Г.Равдан эмийн санч зодсон хэргээр цагдааг шалгагдаж байна

Цахим орчинд 2020.04.02-ны өдөр хөнгөлөлттэй эмийн сангаар үйлчлүүлж байсан ахимаг насны эр эмийн санчийг үсдэж байгаа бичлэг тарсан.

Тэгвэл бичлэг дээрх ахимаг насны эр Монгол Улсын Ардын жүжигчин, МУГЖ, Архангай аймгийн Хашаат сумын уугуул тайз дэлгэцийн урлаг, өгүүлэхүйн ухааны нэрт мастер, Тайхар нэгдлийн хүндэт гишүүн Г.Равдан ажээ.

Өдгөө уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Зодуулсан гэгдэх эмийн санч бүсгүйн биед гэмтлийн зэрэг тогтоогдох юм бол жүжигчин Г.Равданд эрүүгийн хэрэг үүсгэх юм. Хэрвээ эмчийн санч бүсгүйд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцох ажээ.

Улсын Багшийн Дээд сургуулийн Кино драмын ангид элсэн орж 1975 онд В. М. Бейлис, Д. Маамхүү нарын удирдлаганд суралцаж төгссөн. 1975.1987 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчин, 1987-1994 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, 1994 оноос Монголын радиод нэвтрүүлэгч, хөтлөгч, Монголын үндэсний телевизэд орчуулгын киноны жүжигчнээр тус тус ажиллаж байсан.

Г. Равдан нь тайз дэлгэцнээ олон дүрүүд бүтээхийн зэрэгцээ уран уншлагын төрлөөр дагнан ажиллаж бие даасан тоглолгуудыг хийдэг бөгөөд улс орон даяар болон тодорхой хүрээнд зохион явуулж байгаа олон арван хүртээлтэй сонирхолтой арга хэмжээнүүдийг хөтөлж учир холбоосыг зөв гаргаж хүмүүст хүргэж чаддагаараа хэнд ч амар олдоод байхгүй ховорхон авьяас заяасан хүний нэг билээ.

Түүний урлагт оруулсан гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлэж 2002 онд Монгол улсын Гавьяат жүжигчин цол, 2018 онд Монгол Улсын Ардын жүжигчин хүртээсэн юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.