Н.Номтойбаяр номын мөр хөөнө

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Оксфордын их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалах зорилт тавьжээ.
Уг сургаальд монголоос нэг ч хүн докторын зэрэг хамгаалаагүй гэнэ.


Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаар онц гойд юмгүй ээ. Аж ахуйн ажил хийж байна. Оксфордын их сургуульд ойрын хэдэн жил улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаална гэж өөртөө зорилт тавиад бэлтгэл базааж байна.

Дэлхийн номер нэг, тэр агуу их сургуулийг Монголоос нэг ч хүн докторын зэрэг хамгаалаагүй, маш хүнд сургууль гэхээр нь шохоорхоод гэх үү дээ өөрийгөө соримоор санагдаад байх юм. Намайг Номгүйбаяр гэж шоглодог.

АНУ болон Германд нэр хүндтэй сургуулиудыг төгссөн тоодоггүй юм байлгүй. Тэгвэл Оксфордыг амжилттай төгсөхөөр юу гэх бол?. Энэ бөмбөрцөгийн хамгийн мундаг нь шүү дээ.
“Н.Номтойбаяр АНУ, Германд сургууль төгссөн гэдэг нь үнэн юм уу, хуурамч диплом худалдаж авсан биз” гэдэг. Бүх юм нээлттэй.

Тэр сургуулиудаас хэн ч лавлагаа авч болно. Монголд хуурамч диплом худалдаж авч болдог байх. Эсхүл диплом худалдаж авсан нь тэгдэг байх. Түүнээс АНУ, Германд диплом худалдаж авна гэдэг ойлголт байхгүй шүү дээ.Үсээ халцартал хичээл ном харсан юмсан.
Тэрний үр дүнд нь дэд сайд, сайд хийхдээ муу сайд байгаагүй гэж боддог. Тэгээд ч дөрвөн жил хийх төлөвлөгөөт ажлын 46 хувийг нь нэг жилийн дотор гүйцэтгэж, 2017 онд ХНХЯ-ыг шилдэг нь болгосон. Харамсалтай нь, шагналаа авахаас сарын өмнө огцорчихсон. Шинэ сайд нь миний авах байсан шагналыг авсан. За тэр ч яах вэ.

Улс төрийн өнгө аяс орох гээд байна. Би дипломуудынхаа зургийг мессенжерээр явуулъя. Харин онц, сайн сурч чадаагүй ээ. Тэнцэхийн босгоос жоохон дээгүүр чадан ядан төгссөн. Ер нь эцсийн мөчид цаг хугацаа болон нотлох баримтаар үнэнийг гүйцнэ гээд элдэв байдлаар өөрийгөө хамгаалах, рекламдалгүй явсаар ирсэн.

Хүмүүс намайг жаахан ч гэсэн “попрооч” гэдэг. Ёстой чадахгүй юмны нэг. Одоо миний нэр хүнд доод уналтынхаа цэгт хүрчихсэн. Үүнээс илүү намайг яаж муулах юм бэ, бүх байдлаар л үзлээ.
Эх орноосоо урвасан, орон байрны хулгай хийсэн гэж гүтгэх л үлдэж байна.

 

Залилан хийлээ, хүн аллаа, хүчин хийлээ, хүн хутгаллаа гээд бүхий л сэдвээр зөндөө гөвүүллээ” хэмээн ярьжээ.