Харилцагчдынхаа мөнгийг таван сар өгөөгүй “Чингис хаан” банкны удирдлагыг шалгаж эхэллээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын хувь заяа шил шилээ даран бүрхэг болсоор байна. Үзүүлэлтээрээ бусдаасаа арай дээр байсан гэх “Капитал” банканд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч томилон, өдгөө удирдах албан тушаалтнуудыг нь хууль сахиулах байгууллагад шалгуулж, эд хөрөнгийг нь худалдан борлуулахаар зарлаад байгаа билээ. Тус банкнаас 201 тэрбум гаруй төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 91 хувь нь чанаргүй гэдгийг банкны эрх хүлээн авагчдын төлөөлөл танилцуулсан. Банкны өөрийн хөрөнгө нь 210 тэрбум илүү төгрөг байгаа бөгөөд захирлууд, хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулахын тулд прокурорын тогтоолоор битүүмжлээд буй.

Дээрх банкны дараа Монголбанкны өнөөгийн тэргүүн Б.Лхагвасүрэнгийн тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод байгаа банк бол “Ариг”. Төвбанкны ерөнхийлөгчийн энэ оны нэгдүгээр сарын 25-ны тушаалаар Банкны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Д.Ганбатыг зургаан сарын хугацаатай “Ариг”-т бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж, нөхцөлт удирдлагын урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан нарын маргаанаас үүдэлтэйгээр тус банкны хэвийн үйл ажиллагаа доголдоод буй. Гэхдээ “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн тэргүүн Б.Эрдэнэбатын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор ийм нөхцөл байдалд хүрсэн ч гэж хэлж болох талтай. Учир нь Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр “Ариг” банканд байсан 10 тэрбум орчим төгрөгийн хадгаламжийг татсан, хамаарал бүхий компаниудынхаа нэрээр тус банкнаас чанаргүй зээл ихээр авсан нь эрсдэлд оруулсан гэсэн мэдээлэл бий. Түүгээр зогсохгүй “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа билээ.

Өдгөө иргэдийн харилцах болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өгөхгүй байнга хойшлуулж буй, харилцагч, хадгаламж эзэмшигчид нь нэгдэн тэмцээд ч мөнгөө авч чадахгүйд хүрсэн “Чингис хаан” банканд Төвбанк ямар арга хэмжээ авах болсон нь тодорхойгүй. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл иргэд, харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирч, тэдний хохирлыг төр барагдуулан, хүмүүсийн мөнгийг зувчуулсан банкны удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр өр, төлбөрөө даруулах хэмжээнд хүрч болзошгүй нь.

БАНКААР НЬ ДАМЖУУЛСАН ШИЛЖҮҮЛГИЙН ОЛОН САЯ ТӨГРӨГИЙГ ЗУВЧУУЛСАН ГЭВ ҮҮ

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, 20 сая төгрөгийн гүйлгээ хийхээр очсон хүний мөнгийг ч гаргаж өгөх, шилжүүлэх чадваргүй болсон талаар тэднийхээр үйлчлүүлсэн олон иргэн гомдоллож, сүүлдээ “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулаад байна. Дээрх компанийн 46 хувийг “Могулибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг талаар хэвлэлүүдэд мэдээлж буй. “Чингис хаан” банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулах явцдаа хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн уг банк болон гүйцэтгэх захирал С.Сандагдоржид хуулийн хариуцлага хүлээлгэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Эргэн сануулахад, С.Сандагдоржийг Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Харин “Чингис хаан” банкийг Эрүүгийн хуулийн 22.5-3 дахь хэсгийн “Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, шүүхээс гэм буруутай гэж үзэн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.11 дэх хэсгийн Нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд заасан Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 125 сая төгрөгөөр торгохоор болоод буй.

Тус банк Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар банкандаа байршуулж, хахууль өгсөн үйлдэлд шалгуулж байх хугацаанд ажилтнууд нь харилцагч, өндөр дүнтэй гүйлгээ хийдэг аж ахуйн нэгжүүдийг судалж байгаад тэднийг төөрөгдүүлэн мөнгийг нь “Чингис хаан” банкны дансанд байршуулж зувчуулсан байж болзошгүй гомдлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхлэв. Тухайлбал, нэгэн компанийн удирдах албан тушаалтнууд руу “Чингис хаан” банкны хувийн банкны хэлтсийн менежер нь удаа дараа ярьж, уулзах хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Ингээд “Чингис хаан банкаар дамжуулж төлбөр тооцоогоо шуурхай хийлгэж болно” хэмээн итгүүлж, данс нээлгэжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр нь 250 сая, долоо хоногийн дараа 99 сая төгрөг тус банканд нээлгэсэн дансаараа дамжуулан өөр нэг банкныхаа данс руу шилжүүлсэн байна. Гэтэл дээрх 600-гаад сая төгрөг нь хугацаандаа орох ёстой дансандаа ороогүй гэнэ. “Чингис хаан” банканд данс нээлгэсэн компанийнхан удаа дараа албан бичиг бичин, шаардсаны эцэст нэгдүгээр сарын сүүлчийн өдөр 250 саяыг нь л шилжүүлжээ. Түүнээс хойш үлдсэн мөнгийг нь өдий хүртэл шилжүүлэхгүй хохироож байгаа аж. Энэ хэрэг явдал болсон цаг хугацааг харахад “Чингис хаан” банкны захирал нь ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан АТГ-т шалгуулж байсан үетэй таарч байгаа юм. Ингээд нэгэн компанийн 300 гаруй сая төгрөг “Чингис хаан” банкны дансаар орж сураггүй алба болчихоод байгаа аж.

БАНКАНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ХАНГАХАА БОЛЬСОН АТАЛ ТӨВБАНК ЯАГААД ХААЦАЙЛААД БАЙНА ВЭ

Уг нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Банкны тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийг анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангасан байна” хэмээн заасан байдаг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.3-т “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” хэмээн хуульчилсан. Эдгээр хуулийн заалтаас үзэхэд “Чингис хаан” банкныхан хууль зөрччихөөд байгаа юм. Тиймээс тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид нийлж Хохирогчдын холбоо байгуулан Монголбанкны удирдлагад хандаж буй боловч ямар нэг арга хэмжээ авахгүй өдий хүрсэн аж. Тухайлбал, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд мөнгөө олж авахын тулд “Чингис хаан” банкныхантай ч, Төвбанкны холбогдох албан тушаалтнуудтай ч уулзахаар хандаж байж. Тус арилжааны банкны Хувийн банк хариуцсан захирал Д.Жаргалтулга нь сүүлдээ “Манайх активаа “Капитрон”-д зарахаар ярьж байгаа, Монголбанканд манай асуудлыг ярилцаж, ерөнхийлөгч нь манай удирдлагыг хүлээн авч уулзах гэж байгаад хойшлууллаа” гэх мэтээр ярьж буй аж.

Харилцагч, хадгаламж эзэмшигчид Төвбанкны холбогдох албаныхантай уулзаж, шаардлагаа өгөх гэхээр “Ковид-19”-өөр түрээ барьж уулздаггүй гэнэ. Тиймээс Төвбанкны удирдлага хууль зөрчсөн, иргэдийг хохироож буй банкийг хаацайлж байна хэмээн хардаж байгаа юм. “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал, эрүүгийн хэргийн яллагдагч С.Сандагдорж руу нь Төвбанкнаас нэг л удаа албан шаардлага хүргүүлснээс өөрийг хийгээгүй хэмээн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл гомдолдоо дурджээ. Улмаар “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүдэд хариуцлага тооцуулах, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг шалгуулахаар АТГ-т хандахаа ч илэрхийлээд байгаа юм. Төвбанкийг дээрх банкны үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор банкийг тогтворжуулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн хохирогчид нь буруутгаж буй аж. Харин Монголбанкныхнаас “Чингис хаан” банктай холбоотой асуудлыг тодруулахад “Бид өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаж, хянан шалгагч томилогдон ажиллаж байгаа. Шалгалт оруулсан ч доголдлыг нь засаж чадахгүй шүү дээ. Шаардлагаа тавьж, холбогдох арга хэмжээгээ аваад явж буй” хэмээлээ.

ХӨРӨНГӨ НЬ ДУТАГДАЛТАЙ БАЙХАД ТӨВБАНК ҮЛ ОЙШООЖ БАЙЖЭЭ

Төвбанк арилжааны энэ банканд хяналт тавих үүрэгтээ хайнга хандаж байсан хэмээн харилцагчид нь гомдоллож буй нь аргагүй бололтой. Учир нь Олон улсын валютын сангаас манай арилжааны банкуудад хийсэн шалгалтаар “Чингис хаан” банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гэдэг нь тодорхой болж, үүнийгээ нэмэгдүүлэх үүрэг авсан юм байна. Гэвч тус арилжааны банкныхан өөрийн хөрөнгийг 37 тэрбум төгрөгөөр нэмсэн хэмээн хуурамч баримт бүрдүүлж өгчээ. Үүнийг нь Монголбанк мэдсээр байж бүртгэсэн гэдгийг гадаадын байгууллагууд тогтоосон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр “Чингис хаан” банк өөрийн хөрөнгөөс хувьцаа эзэмшигчдэдээ зээл олгоод түүнийгээ хөрөнгөө нэмсэн мэтээр баримт бүрдүүлсэн гэнэ. Төвбанкны тухайн үеийн ерөнхийлөгч нь энэ буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч, хууль бусаар нэмсэн 37 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь хүчингүй болгох тушаал 2019 оны сүүлчээр гаргасан гэх мэдээлэл ч бидэнд ирлээ. Үүнийг нь өдгөө хууль сахиулах байгууллагад шалгаж буй бөгөөд хувьцаа эзэмшигч гурван хүн болон Төвбанкны тухайн үеийн удирдлага нэлээд сандарч байгаа сурагтай.

Арилжааны энэ банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн өгүүлж буйгаар сонгууль өнгөртөл “Чингис хаан”-ыг дампууруулахгүй аргалж байх даалгавар авч, элдэв аргаар худлаа хэлж удирдлага нь уулзахгүй хойшлуулаад байгаа гэнэ.

“Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдсон нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхтэй холбоотой байж болзошгүйг эх сурвалжууд өгүүлээд цаашид арилжааны нэг бус банк ийм байдалд хүрэх магадлалтайг анхааруулсан. Гэхдээ банк итгэлцэл дээр тогтдог учраас бусдынх нь нэрийг одоогоор ил болгох нь тэдний харилцагч, хадгаламж эзэмшигчдийг эрсдэлд оруулж болзошгүй хэмээж байна. Арилжааны банкуудын нөхцөл байдлаас үзэхэд Монголбанк ажлаа зохих ёсоор хийж, хяналтаа тавьж байна уу, иргэдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлгүй байлгаж чадаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.

Бэлтгэсэн: Г.Равжаа