Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдрийн байдлаар 119 утсаар 24 цагт 159 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс коронавирусийн талаарх эмнэлзүйн талаарх мэдээлэл өгнө үү гэх мэдээллийг асууж тодруулжээ. Мөн амны хаалтгүй тоглож буй хүүхдүүдийг анхаарахыг хүсчээ.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1451 иргэн байна. Одоогоор тусгаарлалтад байгаа иргэдээс тав хүртлэх насны хүүхэд 37, жирэмсэн 28, дарамт ихсэх эмгэгтэй 63, чихрийн шижинтэй 19, хоол боловсруулах замын эмгэгтэй 19, хорт хавдрын эмгэгтэй 17 байгаагаас хоёр иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Монгол Улс эрсдэлийн долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Иймд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг иргэд дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. ХӨСҮТ-ийн мэдээлснээр одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал ихсээгүй байгаа юм байна. Гэсэн ч бэлэн байдлыг хангах үүднээс багаж тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэлдэн ажиллаж байгаа аж. Хэрэв халдвар тархсан үед эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа юм байна. Ялангуяа сэхээн амьдруулах тасгийн эмч нарт тусгай программаар сургалт явуулж байгаа бол эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд оношилгоог хэрхэн зөв хийх тал дээр анхааруулж зөвлөж байгаа аж.

Мөн гадаад улсад амьдарч байгаа нийт 96 иргэн Эрүүл мэндийн яамнаас зөвлөгөө авсан бөгөөд эдгээр иргэдээс 13 нь шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тодруулбал, БНСУ-д хоёр, Ирландад дөрөв, ОХУ-д гурав, Шведэд хоёр, Швейцарьт хоёр Монгол Улсын иргэн лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Эдгээр иргэдийн 80 гаруй хувь нь оюутнууд байгаа бөгөөд бүгд гэрээр тусгаарлагдаж байна. Эдгээр иргэдтэй Эрүүл мэндийн яам тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өчигдрийн байдлаар нийт 83 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 17-нд тусгаарлагдсан, Сэлэнгэд тусгаарлагдсан иргэдэд давтан шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 244 хүн эмнэлгийн ажиглалтад байна. Замын-Үүдээр орж ирсэн 58 хүний шинжилгээний хариу маргааш гарна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Франц иргэний шинжилгээний нэг сорьц нэмэх гарсан. Хамар залгиур, шээс, цэр, баас, цуснаас шинжлэхэд нэг сорьцод коронавирус илрээгүй байна. Цаашид коронавирус илрэхгүй болно гэж үзэж байна. ХӨСҮТ-д нийт 204 хүн эмчийн хяналтад байна.
ГАДААД ДАХЬ ИРГЭДЭЭ ХЯНАЛТАД АВЧ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

-Өнөөдрийн байдлаар 1451 иргэн тусгаарлагдаж байна. Нэгдүгээр сараас хойш 5430 иргэн тусгаарлагдсан. Хорт хавдрын улмаас тусгаарлагдан ажиглалтад буй хоёр иргэн байна. Нийслэлд 1897 иргэн гэрийн хяналтад байна. Нийт 721 хүн тусгаарлалтаас гарсан. Орон нутгийн гал тэргэнд 3149 иргэнд хяналт тавьсан. Гадаадад байгаа иргэдтэй холбогдож, илэрч буй шинж тэмдэгт зөвлөгөө өгч, эмч нартай хэрхэн холбогдож ажиллах талаар зөвлөмж өгч хяналт тавьж байна. Ерөнхийдөө халуурах, толгой өвдөх, цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Манайд батлагдсан тохиолдлууд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг байна. Эмчилгээнд өргөн үйлчилгээтэй антиобиотик, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Мөн хамар залгиур, шээс, цус өтгөнд шинж тэмдэг илрэхгүй бол тусгаарлах байр луу шилжүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хүрээнд халдвар авах тохиолдлын тоо, хүндрэх өвчтөний тоог тооцоолсон. Ерөнхийдөө 5810 ор бэлдэж, үе шаттайгаар дэлгэхээр бэлджээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлгийн оруудыг ашиглаж байна.