“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Үнэт цаасны данс нь баталгаажсан 300 гаруй мянган иргэний дансанд өчигдөр ногдол ашгийг нь шилжүүлсэн байна.

“Баталгаажсан данс гэдэг нь брокерын компанид нээлгэсэн дансыг хэлж байгаа юм. Иргэдийн данс руу Монголбанкнаас багц гүйлгээ хийж, хувьцаа эзэмшигчдийн харилцдаг банканд шилжинэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт тайлбарлав. Ногдол ашиг тараах ажил тавдугаар сарын 4-ний өдөр бүрэн дуусах аж.

2 сая 512 мянган хүн тус компанийн хувьцааг эзэмшдэг. Үүнээс 2 сая 36 мянган иргэн хувьцааны данс нээлгэсэн бол ердөө 300 мянга нь банкин дахь дансаа хувьцааны данстайгаа холбожээ. Иймээс банкин дахь дансаа хувьцааны данстай холбоогүй иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын мөнгө буцаан авдаг дансанд нь шилжүүлэхээр болсон байна.

“Эрдэнэт Тавантолгой” ХК 1 ширхэг хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг өгч буй. Тиймээс 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөг, 750 ширхэг хувьцаатай иргэн 67.500 төгрөг авах юм.