Улсын Их хурал улстөрчид, бэлтэй бизнесмений хүүхдүүдийн үе залгамжлан суудаг мөрөөдлийн байшин болоод удаж байна.

Энэ удаад тэнд суухаар АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшихээр горилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөг.

Сүүлийн хэдэн сар Б.Ганхөлөг сошиалд эргэлдэж, өнгөтэй, өөдтэй нэвтрүүлэг болгоны зочин хойморт залрах болоод удав. Түүнийг шандастай морь, чанартай машины улаан хоббитон гэдэг. Тиймээс ч нэгэн цагт аавынхаа удирдаж байсан Монголын автомашин, мотоциклийн холбооны тэргүүнээр ажиллах болжээ.

Ардчилсан намд 100 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн жагсаалтад Б.Ганхөлөг тун дээгүүр бичигдсэн. Ийм мөнгөний схемийн сураг гарсан даруй түүнийг 100 сая төгрөгөө хотойх юмгүй хамгийн түрүүнд тушаасан гэж намын нөхөд нь шивнэлдэж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны тооцоогоор бол  Өвөрхангай аймагт нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээ  462 сая төгрөг.  АН санхүүжилтийн гэрээгээр намдаа тушаах мөнгөө 3 хувааж 10+20+20=50  гэсэн журмаар 05 дугаар сарын 10 дотор тушааж дуусах үүрэг өгсөн.

Үүний дагуу Өвөрхангайд нэр дэвших Б.Ганхөлөг гэрээндээ гарын үсэг зурахдаа 46 сая, дараагийн удаа 92 сая, сүүлийн үлдэгдэл 92 сая багадаа 230 сая төгрөгийг ирэх долоо хоногт тушаачихсан байх ёстой. Б.Ганхөлөг хувьд бизнесээ өвлөж, компаниудынхаа хөрөнгөд эзэн суусан гэсэн үг.

Тиймээс АН-д хэд бол хэдэн сая төгрөг цацаж чадах санхүүгийн бяртай нэр дэвшигчдийн нэг.

С.Өрлөг