С.Хишигжаргал: Би хямд үнээр сэтгэлээ шингээж урладаг

“Үндэсний үйлдвэрлэл”-ийг дэмжих зорилгоор бичил бизнес эрхлэгч, гэртээ үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүстэй ярилцлага хийж эхэллээ.


Эхний дугаартаа гэрээрээ ноос ноолууран утсаар хувцас сүлждэг БЗД-ийн 17-р хорооны иргэн С.Хишигжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.

-Намайг С.Хишигжаргал гэдэг. Нөхөр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Гэрээрээ ноос ноолуураар малгай ороолт, цамц гэх мэт зүйлийг сүлждэг. Ер нь ноос ноолууран урлалд дуртай энгийн нэгэн ийм нэг хүн байна даа.

-Хэзээнээс нэхмэл хувцас сонирхож, оёж эхэлсэн бэ?

-Бүр жаахан байхаасаа юм оёдог байсан л даа. Гэхдээ 2010 онд сонирхлоороо сурсан. Өмнө Барс зах дээр хувийн жижигхэн бизнестэй байсан.Тэгээд гэр бүлтэй болж хөл хүнд болсон. Эмэгтэйчүүд чинь ингээд л нэг хэсэг завсарлага авч гэртээ суудаг шүү дээ. Тэгээд зүгээр байхаар сурсан зүйлээ гэрээрээ хийе гэж шийдсэн.Өөрөө сүлжмэл хувцас хийх сонирхолтой болохоор “Саран эх” компанид анх дагалдангаар орж хоёр жил хэртэй ажиллаж илүү их зүйл сурсан.Анх хүүхдэдээ аавынх нь хуучин ноосон хувцсыг эвдэлж гоё загвартай цамц, өмд нэхэж өгөхөөс эхлүүлээд ажил ундарсан. Тэгээд л ер нь энэ бүхэн надад их урам зориг өгсөн л дөө. Энэ их гоё юм байна. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүний хийдэг энэ ажил чинь сонирхолтой.
Хүн дуртай юмаа хийж байж л аз жаргалтай байдаг шүү дээ. Эрчүүд гэлтгүй ялангуяа эмэгтэйчүүд дуртай юмаа хийгээсэй гэж хүсдэг.

-Гэртээ ноосоор хувцас нэхэхэд хэр үр өгөөжтэй вэ?

-Наад зах нь гэр бүлийнхэндээ ноосон өмд цамц худалдан авахад, үнэтэй.
Эдийн засгийн хувьд ч үр өгөөж сайтай. Зөвхөн ойр дотнынх гэлтгүй байнгын худалдан авагчидтай болсон. Тэднийхээ захиалгыг явдал чирэгдэлгүй сүлжээд л өгдөг. Би ер нь харьцангуй хямд үнээр сэтгэлээ шингээж сүлждэг.
Захиалагч, худалдан авагчид маань бүтээгдэхүүнээ гар дээрээ аваад сэтгэлд нь нийцэж байхыг харах үнэхээр урамтай сайхан байдаг.

-Хамгийн ноосон бараа бүтээгдэхүүний эрэлттэй үе нь өвөл байдаг уу. Захиалга ихтэй үед таны ажилд тусалдаг хүн байдаг уу?


-Ер нь бол ганцаараа хийдэг. Захиалга ихтэй үедээ хүн дуудаж ажлын хөлсийг нь өгч туслуулдаг. Ноос ноолууран бүтээгдэхүүн жилийн дөрвөн улиралд борлуулалттай байдаг.
Тэр дундаа намар, өвлийн цагт захиалга ихтэй. Цагаан сараар хүмүүст өөрийнхөө хийсэн бүтээлээ бэлэглэж, хүмүүст хятад бэлгийг халахыг уриалдаг.
Нөхөр маань намайг их дэмждэг. Бусад бүсгүйчүүдийн нөхрийг ч манай хүн шиг ингэж эхнэрээ дэмжээд өгөөсэй гэж хүсдэг. Би өөрийгөө том амжилтад хүрсэн гэж хэлэхгүй ч мөрөөдлийнхөө зах зухаас нь атгаад авчихлаа.Хань ижил гэдэг их чухал. Ханьдаа маш их баярладаг шүү гэж хэлье. Нөхөр маань авто инженер хийдэг.Хүүхдүүд маань хийж байгаа юманд маань их урам өгнө өө. “Ээж ээ, яасан гоё юм бэ” гээд л магтана. Би тэдэндээ юм хийж өгөх дуртай. Ямар ч завгүй байсан хүүхдүүддээ цаг гаргаад ямар нэг юм хийж өгдөг.Мөн манай хадам аав миний хийж буй ажлыг маш сайн дэмжиж, урам хайрладаг.

-Өдөрт хэдэн цагийг нэхмэлийн ажилдаа зарцуулдаг вэ?

-Одоогоор захиалга багатай байгаа. Дээрээс нь бага насны хүүхдүүдтэй учраас өдөр бүр сууж нэхэж амждаггүй.


Яг зав гаргаад суувал улайраад л, улайрахдаа сайн улайраад сууна (инээв).

-Өөр шиг чинь гэртээ үндэсний үйлдвэрлэл бий болгож, хувцас оёж, сүлждэг хүмүүс нэлээд байдаг байх.

Тэднээс бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?

– Онцлог гэвэл бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй хүүхэд, том хүний цамц өмд, малгай ороолт, бээлий, даашинз гээд холимог хийдэг. Захиалга орж ирвэл бүх төрлийн хувцас сүлжинэ.

-Хувцас нэхээд сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?


-Аз жаргалтай болдог. Би бусад эмэгтэйчүүдийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Гараас юм гарна, хийсэн юмаа дараа нь хараад суух мэдрэмж их гоё ш дээ. Би жижиг ч бай, том ч бай гүйцэтгэл сайтай юм хийхийг хүсдэг.Хүн ер нь гараар хийсэн юмаа хэрэглэж байж илүү гоё таашаал, мэдрэмж авна. Тэр хэрээр түүнийгээ илүү хөгжүүлдэг. Өөрийнхөө хийсэн юмыг хэрэглэж байгаа хүн чинь дараа нь “Энийг ингэж хийвэл илүү гоё байна” гэж сэтгэж эхэлдэг. Миний хувьд л лав тэгдэг юм.Хүүхдүүддээ ноосон хувцас авч өгдөггүй,өөрөө сүлжээд өмсүүлчихдэг. Тэр утгаараа энэ чинь давхар эдийн засгийн хэмнэлттэй байхгүй юу.Дэлхий нийтээрээ идэх юм маань органик байх ёстой гэцгээдэг. Амьдрал бол урлал юм. Урлалыг амьдралтай холбож өгвөл бидний амьдрал илүү утга учиртай, аз жаргалтай байна гэдгийг хүмүүст ойлгуулахыг их хичээдэг. Би өөрөө тэр бүхнийг өдөр тутмынхаа амьдралд мэдрээд явж байгаа болохоороо үүнийгээ улам дэлгэрүүлье гэж боддог.

-Хүүхдийн ноосон цамц ойролцоогоор хэдэн төгрөгийн үнэтэй гардаг вэ. Захиалагчид өөрсдөө утсаа авчирч өгөөд цамц нэхүүлэхэд ямар үнэтэй байдаг вэ?


– Хүмүүс өөрсдийн хүссэн өнгийн утсаа, загвартайгаа бариад хүрээд ирэх тохиолдол байдаг. Утсаа авчирсан хүмүүст 10-15 мянган төгрөгөөр цамцыг нь сүлжээд өгдөг. Мэдээж кетел, угаалга, индүүдлэг, цэвэрлэгээ нэмэлт төлбөртэй.Харин утсаа өгөхгүйгээр хонины ноосон утсаар сүлждэг хүүхдийн цамцыг 25-30 мянган, том хүнийх 40-55 мянга төгрөг орчмоор гардаг.

-Түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?

 

 

 


Сүлжмэл бүтээгдэхүүнийхээ ноосон болон ноолууран утсыг Говь, Могул, Сор кашмераас авдаг. Тиймээс манай бүтээгдэхүүн цэвэр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мөн гэж би нүүр бардам хэлнэ.

– Хувь хүний сонирхолд нийцсэн “Handmade” захиалгаа яаж авдаг вэ. Захиалгууд ямар хэлбэрээр орж ирж байна.

-Эргэх холбоогоор захиалгууд орж ирдэг. Өөрөөр хэлбэл, танилаас танилын хооронд л захиалга авч байна.

-Ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна вэ?

-Одоогоор би дөрвөн машинтай. Нарийн нэхээсний 12G, давхарлаж сүлждэг 7G гэсэн машинууд байна. Мөн 2 ширхэг кетелийн машинтай. Нэг цамцыг 2-3 цагийн дотор сүлжиж дуусгадаг.

-Цаашид ямар зорилго, хүсэл мөрөөдлийг тээж явна вэ?

-Юун түрүүнд өөрийгөө илүү хөгжүүлэхийг хүсч байна. Гэртээ эрхэлж буй энэ үйлдвэрлэлээ цех болгон өргөжүүлэх бодолтой байгаа. Олон олон хүнийг ажлын байртай болгохыг ойрын зорилго болгосон.