Амбасэлмаа гуайн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хүн бүрийн зүрхэнд хүрч нэгийг бодогдуулсан байдаг. Харин энэ Амбасэлмаа гуайн ач охины пост.

ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ИТГЭ

Намайг найм байл уу естэй байхад эмээ гэрт ирж ойрхон хамт дэлгүүр гарах зуураа “Миний охин хэнд ч бүү итгээрэй. Зөвхөн өөртөө л итгээрэй” гэсэн юм.

Балчирхан зүрхэндээ ухаж ойлголгүй дэггүйтэж “Эмээ ээ, тэгээд ээждээ ч аавдаа ч, сайн найздаа ч итгэж болохгүй юм уу” гэж асуухад “Тиймээ, одоохондоо миний охин энэ үгийг ойлгохгүй ч ой тоондоо бодож л яваарай.

Насанд хүрсэн үед чинь яасан их үнэн үг вэ гэж бодогдох үе гарна” гэж хэлж билээ.

Төсөөлж байсан бүхэн талаар болж, хамгийн ихээр итгэж байсан анд нөхөд хүртэл итгэл алдах үед зөвхөн өөртөө л итгэх минь яав даа гэж хар толгойгоо шаах үе бишгүй дээ л байсан.

Амьдралд сөхрөлгүй, өөрийнхөө амьдралыг өөрөө л тээгээд аваад яв. Өөр хэнд ч найдах хэрэггүй гэдэг үзлийг аль балчир байх үеэс минь суулгаж өгч байсныг тэнэгхэн охин нь одоо л ойлгож байна даа.

“Өөрөөс эхлэх амьдрал” номын хэсгээс…