“Маск” продакшны авъяаслаг жүжигчин СТА Ж.Мөнхсайхан нь 1972 оны 11 сарын 27-нд Говь-Алтай аймагт төржээ.

Ж.Мөнхсайхан багадаа тун ч сахилгагүй нэгэн байсан гэдэг. Хөлбөмбөг гэхээр л амиа тавьчих дөхдөг тэрбээр сургуулийнхаа жижүүр анги хийсэн өдрөө шавайгаа ханатал бөмбөг өшиглөдөг байж.

Учир нь түүний тэр өдрийн “бөмбөг” нь азгүй нэгний малгай байх бөгөөд дотор нь баахан юм чихэж аваад л сургуулийнхаа коридорт тоглочихдог байсан аж. Бага байхдаа цагаан сараар банкя авах нь хамгийн их хүсэн хүлээдэг бэлэг нь байжээ. Тэрээр цагаан сараар дээл өмсдөггүй, учир нь түүнд дээл байдаггүй байжээ.


Авъяаслаг жүжигчин Ж.Мөнхсайхан маань СУИС-ийн драмын ангийг төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн соёлын тэргүүний ажилтануудын нэг юм. Жүжигчин Мөнхсайхан анх “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан бөгөөд одоо “Маск” продакшнд ажиллаж байгаа юм.

Тэрээр эхнэр хоёр хүү, нэг охины хамт амьдардаг. Түүнийг хошин урлагийхан төдийгүй найз нөхөд нь нэрийг нь товчлоод “MC” гэж дуудаг. Машиныхаа түлхүүрийн оосорт жижигхээн ташуур зүүдэг ба заримдаа түүгээрээ машинаа ташуурдан “хурдлаарай хүлэг минь“ гэж марзагнадаг гэнэ.

“Маск” нэртэй театртай болох нь түүний алтан мөрөөдөл бөгөөд “Би заавал театр байгуулах болно” хэмээжээ. Тэрээр “Өнгөт инээд” хамтлагаар таван жил овоглож байсан. Түүний гол дүрд тоглосон “Маск” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Хайр харуусал” кино 2009 онд дэлгэцнээ гарч байсанаас хойш “Хунгийн сүүлчийн дуу”, “Амьдарлоги”, “Соёлын довтолгоо” зэрэг кинонуудад гол дүр бүтээж бусад олон арван кинонд туслах дүрээр оролцож байжээ. Тэрээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг жүжигчин юм. Ж.Мөнхсайханы тодорхойлолт: “Инээд гэдэг амьдралаас үүдэлтэй зүйл.

Олон түмэнтэй уулзаж, ярилцан өвгөд хөгшдөөс сонин сайхан зүйл сонсож санаа аваад тайзан дээр тоглох тохиолдол бий”. Харин хошин жүжгийг урлагийн төрөл биш гэдэг хүмүүсийг эрс эсэргүүцдэг. “Ирээд үз гэдэг үгийг хүмүүст хэлдэг. Үзээгүй, мэдээгүй, энэ урлагийн талаар ямар ч мэдлэггүй байж ам мэдэн ярих нь утгагүй. Манайхан бүгд СУИС-ийг төгссөн, Драмын театрт доод тал нь долоон жил ажилласан хүмүүс” гээд уртаас урт лекц уншдаг гэнэ.

Урлаг спортын авъяасаар баялаг, царайг нь харж, хоолойг нь сонсоход өөрийн эрхгүй инээд хүрдэг МУГЖ цолонд ойрхон тийм нэгэн жүжигчин СТА Ж.Мөнхсайханд урлагийн өндөр амжилт хүсье.