ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал,

Тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна” гэлээ.

Мөн тэрбээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлын талаар “Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна” гэв.

Халдвар авсан өвчтөнүүд дунджаар 14-56 хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.