МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Өмнөговь аймгаас нэр дэвшихээр болжээ.

Тэрээр өөрийн сонгуульт ажил болох МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн суудлаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр болж, өргөдлөө өгсөн байна.

Түүний хувьд Өмнөговь аймгийн МАН-ын дэд даргаар ажилладаг, уул уурхайтай тэмцэж, өмнөговьчуудын эрх ашгийг хамгаалах “дайнд” сүүлийн хэдэн жил оролцож буй. Гэхдээ түүнийг ч мөн өөрөө нүүрс тээвэрлэлт хийдэг компанитай, хувийн эрх ашигтай хэмээн Өмнөговьчууд ярих юм билээ.

Ямартай ч нэгэн цагт “Сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө тэмцэж, нэр дэвшихгүй” хэмээн ам гарч байсан МСНЭ-ийн ерөнхийлөгч маань энэ удаад МАН-аас Өмнөговь аймагт дэвших нь тодорхой боллоо.

Түүний өрсөлдөгчид нь УИХ-ын гишүүн асан, Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, экс Засаг дарга Б.Бадраа нар байх аж.

Х.Мандахбаяр гэж хэн бэ?

Хархүүгийн Мандахбаярыг “хэвлэлийн магнат” гэхэд болно. Түүний мэдэлд телевиз, сайт, сонин гээд бүгд бий.

Өнгөрсөн жилээс эхлэн хэвлэлийнхний дунд үеийн чадварлаг “сор” болсон сэтгүүлчдийг энд тэндээс түүн, нэгтгэж “Эрхэт монгол” группынхээ хүчийг зузаатгасан тэрээр өдгөө 41 настай “дөмөг” суусан эр.

 

Үүнийг батлах гэсэн мэт өнгөрсөн шинэ жилээр байгууллагынхаа хэд хэдэн ажилтан хашаа байшин, орон сууц, пентхаус зэргийг бэлэглэж харагдана лээ.

Тэрээр  1000 сэтгүүлчийн орон сууцыг барихаар төслөө эхлүүлсэн боловч төслийг хамтарч хэрэгжүүлж байсан компанийн газрыг холбогдох Төрийн байгууллагууд цуцласанд харамсч буйгаа хэвлэлээр ярьсан байдаг.

Х.Мандахбаярын төрсөн нутаг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум боловч бага балчираасаа хот хүрээ бараадан 1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 17 дугаар дунд сургуулийг төгссөн.

Мөн онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийн дэргэдэх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэж, 2002 онд Хан-Уул дээд сургуулийг Эдийн засагч, Хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн юм билээ.

Түүний үндсэн мэргэжил бол бизнесийн удирдлагын магистр, Сэтгүүл зүйн магистр.

Х.Мандахбаярын хувьд хэдийгээр сэтгүүл зүйн салбарт 23 дахь жилдээ ажиллаж, өөрийн гэсэн бизнесийг бий болгож амсан ч хувийн амьдрал нь тийм ч тогтвортой байгаагүй.

 

Түүний хувийн амьдрал

Х.Мандахбаяр одоогийн гэргийтэйгээ хуримлахаас өмнө хэд хэдэн бүсгүйтэй хамтран амьдарч байжээ. Тэдний дотор онгоцны үйчлэгчээс олны танил дуучин хүртэл байсан гэдэг. Тэдгээр бүсгүйчүүдээс төрсөн хүүхдүүдээ тэжээж, тэтгэж хооронд нь холбоотой байлгадаг гэдгийг ойр дотныхон нь ярьдаг.

 

Тэрээр одоогийн гэргий н.Гантуяатай өнгөрсөн намар тэрбум давсан өртгөөр өвөрмөц хуримласан нь олны анхаарал татаж, зарим нэгнийх нь атаархалыг төрүүлж байв.

Тэдний “Монгол хурим дэлхийд” нэртэй хуримыг нийт 20 орчим орны 50 гаруй сэтгүүлч сурвалжилсан томоохон үйл явдал болов.

Энэ үйл явдлаараа Х.Мандахбаяр хайр сэтгэлээ монголын төдийгүй, дэлхий нийтэд тамгалсан гэхэд болно. Тэрээр өдгөө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

 

Х.Мандахбаяр өнөөг хүртэл юуг туулав

Эрхэт Монгол группын эзэн гэгддэг Х.Мандахбаярын өнөөгийн амжилт сэтгүүлзүйтэй салашгүй холбоотой. Тэрээр сэтгүүлчийн ажлын гараагаа 1998 онд “Хувийн амьдрал” сонинд гэрээт сэтгүүлчээр ажилд орсноор эхэлжээ.

1999-2002 онд “Хувийн соёл”, “Хувийн амьдрал”, “Урт чихт”, “Жигшүүрт хэрэг”, “Яагаад”, “Гадаад амьдрал” сонинуудын Ерөнхий редактороор ажилласан байна.

Харин 2002 онд өөрийн “Зиндаа” сониныг байгуулж захиалгын урамшуулалд нь автомашин өгөхөө зарлаж, уншигчдад хамгийн том урамшуулалыг өгч эхэлсэн байдаг.

Зарим хүмүүс түүнийг хэвлэлийг сугалааны бизнес болгосон хэмээн үл ойшоож, урмыг нь хугалах үг чулууддаг. Гэвч тэрээр хариуд нь ганц үг ганхийж байсангүй.

Хархүүгийн Мандахбаяр сэтгүүлзүйгээс олсон мөнгөө эргэлдүүлж, “Зиндаа инвест” Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, эндээс олсон хөрөнгөөрөө “Эрхэт монгол” группын суурь хөрөнгө хийжээ.

Түүнийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоход хэвлэлд хамтран зүтгэж байсан нөхөд нь араас нь хутга дүрж, нөхрийнхөө эсрэг хөлсний бичээчийн үүрэг гүйцэтгэж явсныг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Тухайн үед тэд “Шар хэвлэл, сугалаа, хадгаламж зээлийн хоршооны луйврын томоохон төлөөлөл Хархүүгийн Мандахбаяр яаж яваад хэний ивээлээр Монгол улсын бүх сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ийн ерөнхийлөгч болчихлоо. Манай салбарынхан эвлэлдээ татвараа төлж чадалгүй асар их татварын өр үлдээсэн байсныг нь Мандахбаяр сайн дураараа дарж оронд нь өөрийгөө дэмж гэдэг нөхцөлтэйгээр ерөнхийлөгчөө сонгох их хурлын мандат тараасан юм. Дээр нь эрх баригч нам болон сэтгүүлчдийн эвлэлийн өмнөх удирдлагуудын нягт дэмжлэгээр тэргүүн болсон гэдгийг манай салбарынхан батлан ярьдаг” хэмээн бичиж байв.

Гэвч хэн ч дээрх яриаг батлаж, баримтыг олон нийтэд дэлгэж байгаагүй.

Магадгүй МСНЭ-ийн ерөнхийлөгч Хархүүгийн Мандахбаярын хөрөнгө орлогын мэдүүлгээс харсан ажиллаж байгаа 14, татан буулгасан 8 аж ахуйн нэгж нь түүний хардах шалтгаан болсныг үгүйсгэхгүй.

Өөр эх сурвалжийн мэдээллээр “Х.Мандахбаярын ярьдаг Тос тосон бумбын нуруу буюу Нарийн сухайтын нүүрсний бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа арван компани байдаг аж. Тэдний хоёрхон нь л монгол эзэнтэй, Монгол компани байдаг юм. Нэг нь “МАК” нөгөө нь “Баянтэс” уурхай.

Тэдгээр уурхай хятад эзэдтэй уурхайнуудтай “нэг хөнжилд ороод” тэдний үйл ажиллагааг эсэргүүцсэн Х.Мандахбаярыг элдвээр “бөөрлөхдөг”.

Тэрбүү хэл, “Тост тосон бумбын нуруунд явуулж буй олборлолтын тухай “Тосон бумбын нулимс” гэж  нэвтрүүлэг хийсний төлөө,  Тагнуул Ерөнхий Газраас ямар ч хамаагүй асуудлаар баривчилуулж байсан түүх түүнд бий.

Дашрамд дуулгахад, Тост, Тосон бумбын нуруу төдийгүй Өмнөговь аймгийн 3-4 сумын нутаг дэвсгэрийг хамарч уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан нутгийн ард олны нүдэн дайжин хорогдох болжээ.

Б.Дэжид