Өөрийгөө ямар их хүчтэй гэдгээ мэддэггүй эмэгтэйд …

Эмэгтэй хүний амьдралын замд бартаа саад олон бий. Чамайг алдахад хорвоо даажигнан инээнэ. Уйлахыг чинь хүмүүс тэсэн ядан хүлээнэ. Нулимсан далайг урсаж, гомдол цөхрөл гунигт уулыг сүндэрлэхийг тэд хүлээдэг.

Амьдрал чамайг өмнөө сөхрүүлээд дахиж хэзээ ч өвдөг дээрээ босож чадахгүй болтол чинь дарах болно. Хувь тавилан чамд хайргүй хүнийг чам руу илгээж зовооно.

Гэтэл чи үүнд бэлэн биш. Өмнө нь үзээгүй мэдэхгүй бүхнээр чинь амьдрал чамайг шалгадаг.

” Чи бол эмэгтэй хүн ” гээд сул дорой байхыг чамаас хүсдэг. Эмэгтэйчүүд бүгдээрээ уйлдаг гээд чамайг уйлахыг хүсдэг. Эмэгтэйчүүд зөөлөн, сайхан сэтгэлтэй гээд хатуу бүхнийг туулж өнгөрүүлэхийг шаарддаг.

Амьдрах ямар хэцүү юм бэ ! гээд хашгирмаар санагдах үе чамд ирнэ.

Эмэгтэй хүний зовлонг би тоолоод барахгүй.” Эмэгтэй ” гэдэг ганцхан шалтгаан тэднийг зовоодог.

Гэхдээ эмэгтэй хүн болгонд гайхалтай хүч байдаг. Энэ бол сэтгэлийн хүч.

Мөн хэзээ ч бууж өгдөггүй зүтгэл , юуг ч даван туулах тэвчээр.

Чи бол хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн орчлон ертөнцөөр дүүлэн нисэж чадах эмэгтэй.
Ухаан сэтгэл хоёроороо дэлхийг эргүүлж чадах эмэгтэй.

Би хэзээ ч эмэгтэй хүнд байдаг тэр гайхалтай хүчийг үгүйсгэж байгаагүй. Эмэгтэй хүнийг сул дорой гэж бодож байгаагүй.

Э.Пүрэвжаргал