Монгол…

Энх мөнх энэ тэнгэр, эгэл бус энэ далбаагаар мөнхөд омогшихыг хүснэ.

Эргэх дэлхийн зүрхэнд эглээс эгэл Монгол минь мөнхөд цохилохыг хүснэ. Улс байгаад улс бус болсон, НҮБ-д бүртгэлтэй, бүрэн эрхэт орон байгаад оргүй алга болсон олон тохиолдол бий. Чехсловак, Югослав гээд задран алга болсон, замын бартаанд бүдэрсэн улсуудыг энд дурдаж болно. НҮБ-д бүртгэлтэй 193-хан улс байдаг. 77 мянгаадхан хүн амтай Андорагаас эхлээд дөнгөж 2011 онд бүртгэлд багтаж, улс гэж хүлээн зөвшөөрөгдсөн Өмнөд Судан…тэдний дунд Монгол минь дээгүүр бичигдэж, дээлтэй соёлоороо гайхуулдаг.

Цэнхэр гаригт данстай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс байхын тулд бид сонгуулиа хийдэг, дэлхийн сонор хийгээд нүднээ бүрэн эрхэт, бүтэн заяат тусгаар улс гэдгээ нотолдог. Түүнээс биш нэр дэвшигч болгоноо муулж гоочилж, нэмэр хандив нэхэн буланд шахаж, тэр нь царайлаг, энэ нь харамч, өнөөх нь худлаа, нөгөөх нь хулхи гэж нэр хоч зүүж, сонгуульд санал өгөх итгэл сэтгэлээ салхинд хийсгээд байвал нэг л өдөр Югославын араас орно. Хэдхэн жилийн өмнө дэлхийд данстай байсан Югослав улс Тито гээч дарангуйлагчийн гарт үрэгдэж, араас нь гарч ирсэн бүлэглэлүүдээ даган талцсаар дарагдаж алга болсон. Одоо тийм улс байхгүй, тэр түүх ч байхгүй. Төрөө сонгож чадаагүй тарамдсан ард түмэн төрт ёсгүй болж, түүхийн тавцангаас арчигддагийн бодит жишээ цөөнгүй бий.

Хоёр том намаас эхлээд шинээр байгуулагдсан намууд, эвслүүд, бие даагчид УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ зарлаж эхэллээ. Бүгдийг нь гоочлон муулах хандлага гомдмоор шуурхай тархаж байна. Тэр тусмаа 2020 оны сонгуульд хамгийн олон нэр дэвшигч хамтаараа орж ирлээ.

Нэг тойрогт 8-13 хүртэлх нэр дэвшигч өрсөлдөх нь эхний байдлаар тодорхой болж байна. Энэ хүнд үед энэ олон бэрхшээл, хэл ам, хэрүүл тэмцлийг тэвчин байж нэр дэвшин эрсдэл гаргаж буй тэд ямар доллар юм уу, евро юу, ноолуур уу, номхон морь уу?

Монголчуудын хандлага өөрөө улс төрийг урагшаа гишгүүлэхгүй улдуулж, хөгжих боломж өгөлгүй хөлдөн унагааж байна.

Хүн болгоноос өө харж, сэв хүлээж, алдаа хайж, доголдол зохиож, асуудал болгоныг аймшгийн кино болгон хувиргаж байна. Энэ бүхний эцэст арван зүгтээ савлаж, арван асуудалд ээрэгдэж, зуун тийшээ ганхаж, зуун асуудал босгож…сонгууль ч хүчингүй, сонгосон гишүүн ч үгүй, төр барих нам ч үгүй, төрд эзэн болох удирдлага ч үгүй…хоёр идэх гээд хоосон хоцорч, хожоо харах гээд хор нь ихдэж…төрт улсаараа тоглох вий, түүхт гүрнээрээ наадах вий…энх мөнх энэ тэнгэрээр, эгэл бус энэ далбаагаар, эргэх дэлхийн зүрхэнд эглээс эгэл оршдог эрхэмсэг Монголоор үүрд омогшихыг хүснэ.

Тиймээс төрт ёсны ардчилсан байр суурь, төр улсынхаа тусгаар байдлыг хангах түмэн эрх, буман саналдаа анхааралтай бөгөөд хүндэтгэлтэй хандаж сонгуулиа ёс зүйтэй угтана уу…гэж чин сэтгэлээсээ хүсье…