БАЛЧИР ХҮҮДЭЭ ҮЛДЭЭХ ӨВ МИНЬ ЮУ ВЭ?

Өнөөдөр хүүгийн минь төрсөн өдөр. Би гэдэг хүн гурван сайхан охинтой, нэг балчир хүүтэй. Зүдэрч явахад минь учирч, гундсан сэтгэлийг дэвтээж, хазайхад түшдэг, хальтирахад тулдаг ханьдаа баярлалаа!


Би хүүдээ юу өвлүүлж үлдээх вэ? гэж үе үе боддог юм. Орон сууц, ганц хөөрөг, хэдэн төгрөгтэй хадгаламжийн дэвтэр үү? Эцгээс үлдэх өв энэ гэж үү?

Хүү минь 3 настай, би 48-тай. Хорин жилийн дараа хүүгээ том эр болоход би тэтгэвэртээ гарчихна. Нас дээр гарч, өвчин ороох л байх. Хүү минь намайг үүрээд, охид минь хөтлөөд эмнэлэг бүрийн хаалгыг татан, аавыг минь хэвтүүлээч, гавьяат эмч хүн шүү дээ гэж царай алдаж явах уу?! Гадаадад эмчлүүлэх зардал мөнгө хайж гүйх үү?!


Би хүүдээ, охиддоо ийм улс орныг өвлүүлж үлдээмээргүй байна. Би хүүхдүүддээ эрүүл мэндийн салбар нь хүчирхэг, даатгалын мөнгө нь хүрдэг саруул эх орноо өвлүүлэхийг хүсч байна. Аав нь гайгүй эмч юм бол улс орон нь хүчирхэг эрүүл мэндийн тогтолцоотой болох ёстой.

Ж.Чинбүрэн