Чихрийн шижингийн хөлний шарх нь чихрийн шижингийн үед нийтлэг тохиолддог хүндрэл юм. Ихэвчлэн хөлийн эрхий хуруу болон өлмийн доор үүсдэг.

Чихрийн шижинтэй хүн бүрт хөлний өвдөлт болон шарх үүсэх эрсдэлтэй бөгөөд хөлөө сайн арчилснаар урьдчилан сэргийлэх боломжтой. Хөлний шархны эмчилгээ нь үүссэн шалтгаанаасаа хамаарч ондоо байдаг тул таны хөлөнд ямар нэгэн өвдөлт, зовиур байгаа бол та эмчид хандана уу. Эс бөгөөс шарханд халдвар орсноор хөлөө тайруулахад ч хүрч болох юм.

Шинж тэмдэг ба оношлогоо

Хамгийн эхний шинж тэмдгүүдийн нэг нь таны хөлнөөс хэвийн бус шүүдэс гарч оймс болон гутлыг бохирдуулах байж болно. Хэвийн бус хавагналт, улайлт, тухгүй байдал, үнэр гарах зэрэг нь мөн эрт үеийн нийтлэг шинж тэмдэг болно.

Хүнд хэлбэрийн хөлний шархны хамгийн илэрхий шинж тэмдэг бол шархыг тойрон харласан эд үүсэх юм. Энэ нь шархыг тойрсон эдэд хангалттай цусан хангамж байхгүй байгаагаас үүснэ. Шархыг тойрон хэсэгчилсэн эсвэл тархмал үхжил үүсэх нь шарханд халдвар үүссэнээс шалтгаална. Энэ тохиолдолд үнэртэй шүүрэл, өвдөлт болон мэдээ алдалт үүсэж болно.

Зарим тохиолдолд хөлний шарх нь танихад маш хэцүү бөгөөд халдвар авах хүртлээ ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй байж болдог. Хэрэв арьсны өнгө хувирах /ялангуяа харлах/ эсвэл эвэршсэн эмзэгшсэн хэсэгт өвдөлт мэдрэх юм бол та эмчдээ хандаарай. Эмч таны хөлний шархыг хүндрэлийнх нь байдлаас шалтгаалан дараах ангилалд үнэлнэ.

шарх үүсээгүй боловч шарх үүсэх эрсдэлд орсон

шарх үүссэн, халдваргүй

гүнзгий шарх, үе болон шөрмөс өртсөн

халдвар авсан том хэмжээний шарх, буглаа

Чихрийн шижингийн шалтгаант хөлний шархны эмчилгээ

Хөл дээрээ гишгэхгүй байж шарх болон өвдөлтөөс сэргийлэхийг даралтгүйжүүлэх гэх бөгөөд энэ нь бүх төрлийн хөлний шархны үед үр дүнтэй. Алхалтаас үүсэх даралт нь халдварыг хүндрүүлж шархыг томруулдаг.

Хөлний хамгаалах хэрэгслүүдийг эмчийн зааврын дагуу зүүж хэрэглэх:

Тусгай чихрийн шижингийн гутал

Гипс

Хөлний чиг

Даралтат боолтууд

Тусгай улавчууд

Хөлний шарх халдвар авахаас сэргийлэх аргууд:

Хөлөө сайтар угаах

Шархны эргэн тойрны арьсыг ариутгах

Шархны боолтыг тогтмол сольж шархыг хуурай байлгах

Бактерийн эсрэг үйлчилгээтэй тусгай боолт хэрэглэх