Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч зургадугаар сарын 1-ний өдөр нас барсан хэрэг гарсан талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч агсан Б.Баянмөнх нь ажил үүргийн хуваарийн дагуу тавдугаар сарын 27-ны өдрийн 07.30 цагаас эхлэн “Корпорейт 1” зочид буудлын гадна орчинд хамгаалалтын үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Улмаар зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00 цагийн орчим эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт гарсан учраас хамт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Яаралтай түргэн тусламжийн төвд мэдээлэл өгч, эмнэлгийн анхны тусламж авсан байна.

Харамсалтай нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлэгдэж байх үедээ зүрхний шигдээс гэсэн урьдчилсан оноштойгоор нас барсан. Цагдаагийн Ерөнхий газраас /ЦЕГ/ талийгаачийн ар гэрт нь Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Алба хаагчийн амь насаа алдсан хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн гараагүй. Мөн уг асуудлыг ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс шалгаж байна” гэв.