Оймс чинь цоорхой байвал СОЛЬ !

Сонгууль сонгууль сонгууль … Чингэлтэй дүүрэгт тоглох талбайгүй 4 хүүхэд цэцэрлэгт хүрээлэнд ирж амиа алдсаны дараа Чингэлтэй дүүрэг аймар гоё спорт талбайтай болов.

Яагаад ? Яагаад сонгууль болохын 7 хоногийн өмнө нээж байгаа юм бэ ? Үнэхээр гоё бүтээн байгуулалт байна лээ шүү дээ яагаад энэ хавар нээгээд нэг ч гэсэн хүүхдийн амь аварч болоогүй юм бэ ? Ядаж сарын өмнө дуусгасан бол тэр 4 хүүхэд наана чинь очиж тоглох байлаа. Талбайн урд усан оргилууртай болж өчигдөр шөнө хамаг амьтан тэнд шавав. Яагаад ? Яагаад хоёр сарын өмнө хийчихэж болоогүй юм бэ ? Ямар хурдан мөнгийг нь шийдээд ямар хурдан барив аа ? Хүсвэл болдог л юм байна шдээ. Гэхдээ яагаад ? Яагаад сонгууль болохоос 7 хоногийн өмнө дуусгаж байгаа юм бэ ? Нэг гишүүн гэр хороололд очиж ус авч байгаа хүүхдийн усыг зөөж бичлэг хийв ? Яагаад ? Яагаад та өмнө нь тэрүүгээр очиж байгаагүй юм бэ ? 200км төмөр замын суурь, 50 км төмөр зам барьж дууссан явдлыг сонгуулиас яг 10 хоногийн өмнө зарлав ? Яагаад ? Яагаад тэр олон зуун жолоочийн амь нас шороон дунд уусан одохоос нь өмнө энэ ажлуудыг хийчихэж болоогүй юм бэ ? Бас яагаад энэ бүхнийгээ яг сонгуулийн 7 хоногийн өмнө зарлаж байгаа юм бэ ? Та нар ийм гоё гоё зүйлс хийж чаддаг юм байнашдээ, яагаад өмнө нь түүнийгээ харамлаад байсан юм, яагаад тэр олон хүүхдийн амь нас эрүүл мэнд хохироод өнгөрсний дараа зөвхөн сонгуулийн оноо цуглуулах гэж цаг хугацааг нь ингэж тааруулж байгаа юм бэ ? Та нарын мөнгөөр ч хийсэн зүйл биш шүү дээ. Бид татвар төлсөн учраас захиалагч, та нар бол хийх ёстой ажлаа хийж буй гүйцэтгэгч. Яагаад бидний захиалсан ажлыг 4 жил гацаасан юм бэ ? Биднийг загасны санах ойтой тэнэг хүмүүс болохоор доромжилж байгаа юм уу ? Одоо гэнэт өнгөрсөн бүх алдаа, ЖДҮ энэ тэрийг чинь мартаад тоглоомын талбай, усан оргилуур, төмөр замд хууртаад баярлаад сууна гэж бодоод байгаа юм уу ?

Яагаад та нар бидэнтэй ингэж харьцдаг юм бэ ? Яагаад та нарт болохоор хөл хорио үйлчилдэггүй юм ? Хаана байна нөгөө 1.5 метр, нөгөө маск ?

Хэдэн зуугаараа шаван шамбааралдан бүр улайран эрх мэдэл руу тэмүүлэхийг чинь захын нэг хорооны уулзалтан дээр очиход харж болно. Өнгөрсөн хэдэн сарын жүжиг тэгвэл юу байсан юм ? Эмч нарын маань хичээл зүтгэл УОК яг юуны төлөө тэгэж зүтгэсэн юм ? Яагаад та нар тэр том спорт талбайг хүнээр дүүргэж, хүмүүсийг тэвэрч аваад үнсээд гар бариад байгаа юм ?

Яагаад Нарантуул зах битүү хүнтэй ажиллаж болоод байхад номын сан, кинотеатрыг нээхгүй байгаа юм ? Яагаад та нар сонгуулийн штаб дээрээ архи ууж, хүмүүсийг цуглуулж архидуулж болоод байхад ресторан үйлчилгээний газрууд ажиллаж болохгүй түрээсэндээ дампуурж байгаа юм ? Яг ямар логик байна аа ? Гадаадад гацсан Монголчуудаа яг яах юм бэ ?

Тэдний хохь гээд орхих юм уу ? Яагаад яг энэ өдрүүдэд хүмүүсийг барьж шоронд хийгээд байгаа юм бэ ? Шудрага, хүчтэй гэдгээ харуулаад байгаа юм уу ? Өмнө нь хийчихгүй яасан юм бэ ? Яагаад юм бүхэн заавал сонгуулийн өмнөх 7 хоногт гэж ? Яагаад ийм жүжгийн амьдрал, түр зуурын дүртэй юм бэ ? Зургаан сарын хорин таван гээд өдөр байгаа шүү дээ, тэр өдөр нар манддагаараа мандаж амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Хуралдаа ирдэггүй гишүүний цэцэрлэгийн хүүхэд шиг амлалтыг сонсож доромжлуулж сууснаас тэр гишүүнийг УИХ-с байхгүй болгочих, тэгээд л тэр юмаа яриад л нийгэм дээр явжийг. Энэ хогийн улаам цайм доромжлоод байгаа гаруудыг бүр солиод хаячих. Аль ч нам нь байсан залуу шинэ хүнийг сонгоё. Долоон жил өмссөн оймсоо уранхай байна гээд гомдоод сууж болохгүй шүү дээ.

Шинэ оймс өмсөөд үзье. 18-35 насны санал өгөх боломжтой 1 сая залуус бий. Бидэнд салхи эргүүлэх хүч байгаа ! Найзууд аа, дүү нараа хэнийг сонгохоо мэдэхгүй байсан ч хамаагүй ямар ч байсан саналаа өг өө. Ёстой нөгөө тавилан, зөнгөөрөө залуу хүмүүс арай өөр сонголт хийнэ гэж итгэж байна. Арай ч манай үеийн залуус 7 сонгогдсон хүмүүсийг дахиж сонгохгүй байх. Тэгэхээр 06.24 өдөр залуусын хүчээ харуулцгаая ! Саналаа заавал өгөөрэй

Гүй ер нь яагаад л нэг оймсоо муулан муулан өмхий цоорхойг нь гайхаад өмсөөд суудаг юм дээ, зүгээр л сольчихооч дээ

Ч.Ганжавхлан

2020.06.17