АГААРЫН НЭЭЛТТЭЙ ОРОН ЗАЙН ТУХАЙ ГЭРЭЭНЭЭС ГАРАХ АНУ-ЫН САНААРХАЛ:

Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээнээс гарах тухай АНУ-ын шийдвэр болон Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээг тойрсон тодорхойгүй нөхцөл байдал нь ОХУ-АНУ-ын харилцаан дахь сөргөлдөх уур амьсгалыг гүнзгийрүүлж байгаа ба хоёр улсын улс төрийн харилцааны цаашдын хандлагыг тодорхойлох төлөвтэй болов.

Америкийн улс төрийн баруун жигүүрийн (эрх баригч БНН-ын) үзэл суртлыг илэрхийлдэг The National Interest сэтгүүлийн 6 дугаар сарын 6-ны өдрийн дугаарт Д.Саймс бичихдээ, коронавирусын цар тахалтай тэмцэх чиглэлээр Москва, Вашингтон харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх зэрэг нааштай хандлага ажиглагдаж байгаа хэдий ч, стратегийн (зөвхөн улс төрийн бус) асуудлаарх байр суурь нь улам холдсоор байна гэж дүгнэжээ. Түүнийхээр, зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх АНУ, ОХУ-ын зөрөлдөөний огтлолцлын цэг нь БНХАУ болж байгаа ба Москва өнөөг хүртэл Бээжинтэй илүү ойртохоос “болгоомжилж” ирсэн бол одоо цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх алхам хийж эхэлнэ гэж Д.Саймс таамагласан байна.

Орос, Америкийн стратегийн харилцаанд дахин нэг ан цав гарч байгаа нь Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээнээс зургаан сарын дараа дангаар гарах шийдвэрийн тухай Цагаан ордны мэдэгдэл байв. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментаас энэ тухай мэдэгдэхдээ, уг гэрээг “ОХУ байнга, ноцтой зөрчиж ирсэн” гэсэн үндэслэл дурдлаа. Чингэхдээ, “хэрвээ ОХУ уг гэрээг чанд сахин биелүүлж эхэлбэл энэ шийдвэрийг эргэн харж болно” хэмээн Америкийн тал нэмж дурдав.

1992 онд байгуулсан Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээний дагуу нэгдэн орсон 35 оролцогч улс, түүний дотор ОХУ, АНУ ч бие биеийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх эрхтэй болсон. Гэрээний заалтуудыг ОХУ зөрчиж байна гэсэн Вашингтоны шүүмжлэлийг Москва няцааж, АНУ өөрөө “аюултай, урьдчилан таамаглагдашгүй” үйлдэл гаргаж байна хэмээн буруутгав. Уг хэрээг ОХУ цаашид ч хэлбэрэлтгүй сахин мөрдөх болно гэж Москва мэдэгдлээ.

Оросын цэргийн “Арсенал Отечества” сэтгүүлийн эрхлэгч, ОХУ-ын Цэрэг-аж үйлдвэрийн зөвлөлийн шинжээчдийн зөвлөлийн гишүүн В.Мураховскийн үзэж буйгаар, Д.Трампын засаг захиргаа Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах тухай шийдвэрлэсэн нь Оросын хувьд тийм ч том гарз хохирол биш агаад ОХУ ч, АНУ ч орон зайн тагнуулын өгөгдөл цуглуулах ажлынхаа ихэнхийг хиймэл дагуулаас хийдэг тул АНУ-ын агаарын орон зайг хянах Оросын чадавхид бараг нөлөөлөхгүй гэжээ. Тэрээр “АНУ-ын энэ шийдвэрээс болж үүдэн гарах цэргийн үр дагавар гэж юм бараг байхгүй, гагцхүү итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн бас нэгэн гэрээ нуран унаж байгаагаараа улс төрийн үр дагавартай гэж үзвэл зохино” гэж дүгнэв.

«Зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх АНУ, ОХУ-ын зөрөлдөөний огтлолцлын цэг нь БНХАУ болж байна.»

Д.Саймс

Харин Москвагийн хувьд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний цаашдын хувь заяа илүү анхаарал татсан асуудал болж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хадгалалтад болон байлдааны жижүүрлэлтэд байгаа стратегийн цөмийн зэвсгээ хязгаарлах үүрэг авсан. АНУ-ын тагнуулын албад БНХАУ ойрын арван жилд цөмийн цэнэгт хошууныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зэхэж байна хэмээн үзсэн тул Трампын засаг захиргаа уг хэлэлцээрт Хятадыг оруулах замаар дахин болосруулах шаардлагатай гэж үзэж буй.

Харин Бээжин зэвсэглэлд хяналт тавих гурван талт хэлэлцээр байгуулах тухай Трампын засаг захиргааны уриалгыг нэг бус удаа няцааж, Хятадын цөмийн зэвсгийн нөөц нь гурван зуу хүрэхгүй цэнэгт хошуунаас бүрдэх бөгөөд тус бүр нь зургаан мянган цэнэгт хошуу бүхий АНУ, Оросын нөөцийн хаана нь ч хүрэхгүй гэж үзэж байна.

Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах тухай гэрээний ирээдүй ийнхүү тодорхойгүй байгаа нөхцөлд ОХУ, АНУ-ын цөмийн хурцадмал байдал даамжирсаар байна. Энэ оны хоёрдугаар сарын эхээр Пентагон бага хүчин чадлын цөмийн пуужинг шумбагч онгоцон дээр байрлуулж эхлэхээ зарласан. Үүний хариуд ОХУ-ын ГХЯ мэдэгдэл гаргаж, Оросын эсрэг ийм төрлийн пуужинг хэрэглэсэн тохиолдолд хариу цөмийн цохилт өгөх болно хэмээн зарласан. Дараахан нь Пентагон өөрийн мэдэгдэлд цэргийн сургуулилтын үеэр Оросын эсрэг хязгаарлагдмал цөмийн цохилт өгөх дадлага хийсэн гэж мэдэгдэв. Үүнийг ОХУ-ын ГХЯ нэн даруй буруушааж, Вашингтон “туйлын аюултай тоглоомоор наадаж байна” хэмээн мэдэгдэхэд хүргэсэн.

Энэ оны дөрөвдүгээр сард Д.Трамп зэвсэглэлд хяналт тавих тусгай төлөөлөгчөөр өмнө нь АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан М.Биллингслиг томилсон. Тэрээр томилогдсон даруйдаа зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжрах аваас АНУ “Орос, Хятадыг дампууруулахад бэлэн” гэх эрс хатуу мэдэгдэл хийсэн байна.

ОХУ батлан хамгаалах зардлын өсөлтөөрөө АНУ-ыг гүйцэж хараахан чадахгүй боловч шинэ стрстегийн тэнцвэрээ алдахгүйн тулд пуужингийн тоог нэмэх бус, харин шинэ зэвсэг бүтээх, зэвсэглэлд нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

“ЗХУ-ыг дампууруулж сөхрүүлсэн шиг тийм маягаар зэвсэглэлээр хөөцөлдөхгүй, гэхдээ илүү оновчтой, ойлгомжтой зорилготойгоор хариуг нь барина хэмээн В.Путин удаа дараа мэдэгдсэн” талаар Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор, ерөнхийлөгчид зөвлөх эрдэмтдийн багг ордог А.Мигранян өгүүлж байна. Тэрээр “АНУ-ын батлан хамгаалахын жилийн төсөв 700 тэрбум ам.доллар хол давж байна. Харин манай улс тийм хэмжээний мөнгө гаргах бололцоо байхгүй, харин америкийн зүгээс учруулж байгаа эрсдэлд дорвитой хариу өгч тогтоох барих хүчин чадал бүхий дуунаас хэт хурдан пуужин болон бусад төрлийн зэвсгийг хямд өртгөөр боловсруулж, үйлдвэрлээд зогсохгүй зэвсэглэлд амжилттай нэвтрүүлсэн” хэмээн дурдав.

«Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал даамжрах аваас АНУ Орос, Хятад хоёрыг дампууруулахад бэлэн.»

М.Биллингсли

А.Мигранян цааш нь “Москвагийн хувьд 2020 оны АНУ бол 1980-ынхтай харьцуулахад тийм ноцтой аюул учруулж чадахгүй. Вашингтон өнөөдрийн байдлаар өөр бусад улстай сөргөлдөхөд хүч, анхаарлаа ихээхэн зарцуулж байгаа учир Орост тоймтой дарамт үзүүлж хүчрэхгүй. Тэр байтугай Д.Трампын засаг захиргаа худалдаа, цэргийн зардал гэх мэт асуудлаар уламжлалт холбоотнуудтайгаа ч түнжин хагараад байгаа тул Орос, Хятадын алинд нь ч бодитой эрсдэл учруулж дөнгөхгүй. Трамп боломжит өрсөлдөгч бүхэнтэйгээ нэгэн зэрэг сөргөлдөхийн сацуу боломжит холбоотон бүхэнтэйгээ эвдрэлцээд байвал дэлхий даяарын шинжтэй сөргөлдөөнд яавч өөртөө давуу тал бий болгохгүй” гэж дүгнэсэн байна.

Харин Америкийн албаны хүмүүс энэ талаар арай өөр бодолтой байгаа бололтой. Д.Трампын тусгай төлөөлөгч М.Биллингсли Хятадын зэвсэглэлд хяналт тавих нь Цагаан ордны эн тэргүүний зорилт байх бөгөөд үүнд Москватай ямар нэг хэмжээгээр хамтран ажиллах хэрэгтэй болно гэж тооцож, тэр байтугай ОХУ-ын дэмжлэгийг авч чадна гэж найдаж байна. Гэхдээ арга хэрэгслийн хувьд мөнөөх л хориг арга хэмжээ, өөрөөр хэлбэл дарамт шахалтыг илүүд үзэж байгаагаа ч нуусангүй. The Washington Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр “Москва хятадуудыг хэлэлцээний ширээний ард авчрах байх. Учир нь Хятадын цэргийн хүчин чадлын хэт хурдан өсөлтийг хязгаарлах нь юуны түрүүнд Орост өөрт нь ашигтай” гэж дурджээ.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг ч энэ санааг баяжуулан 6 дугаар сарын 10-ны өдөр BBC агентлагийн радиогоор “Бид БНХАУ-ын ийн хүчирхэгжиж байгааг үл тоож хэрхэвч болохгүй. Хятад тун удахгүй дэлхийн хамгийн том эдийн засагтай болох нь. Одоогийн байдлаар тэд аль хэдийн дэлхийн хамгийн их батлан хамгаалахын төсөвтэй хоёр дахь орон болсон байна” хэмээн анхааруулжээ.

Ийнхүү Орос, Хятадын хооронд “яс хаях” гэсэн оролдлогыг ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд С.Рябков эрс няцааж, Москва ямар ч тохиолдолд Бээжингийн талаар Вашингтоны байр суурийг дэмжихгүй хэмээн мэдэгдэв. “БНХАУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаагаа бид өндөр үнэлдэг. Харин АНУ гэдэг бол өнөөдрийн нөхцөлд гэрээгээр хүлээсэн үүргээ сахидаггүй, итгэл даадаггүй түнш болоод байна. Зэвсэглэлд хяналт тавих тогтолцоог бүхэлд нь нурааж байгаа этгээд бол АНУ. Ийм нөхцөлд бид яахаараа туйлын эргэлзээтэй ямар нэгэн ашиг хонжоо эрэлхийлж, түр зуурын явуулгад оролцох ёстой гэж?” хэмээн тэрээр өнгөрөгч долоо хоногт оросын “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа дээрх байр сууриа үндэслэж тайлбарлалаа.

«АНУ нь хүлээсэн үүргээ сахидаггүй, итгэл даадаггүй түнш, зэвсэглэлд хяналт тавих тогтолцоог нурааж байгаа этгээд болоод байна.»

С.Рябков

Пуужингийн довтолгоолноос хамгаалах чиглэлд Орос, Хятадын хамтын ажиллагаа Д.Трампын засаг захиргаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс гарах талаар мэдэгдэхээс ч өмнө хэлбэржиж эхэлсэн байдаг. Тухайлбал, хоёр улс 2016 оноос хойш жил бүр пуужингийн довтолгоолноос хамгаалах хамтарсан сургуулийг компьютерийн симуляц ашиглан явуулж байна. Түүгээр зогсохгүй, одоогоор зөвхөн ОХУ, АНУ хоёрт байгаа пуужингийн довтолгоог эрт илрүүлэх системтэй болоход нь БНХАУ-д тусална гэж В.Путин өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдсэн.

“Ийм байдлаар зэвсэглэлд хяналт тавих чиглэлд АНУ-ын дураар авирлах байдал нэмэгдсээр байх аваас харин ч Вашингтоны хүссэнээс тэс өөр, эсрэг хувилбар биеллээ олж, Орос, Хятад пуужингийн пуужингийн довтолгоог эрт илрүүлэх системийн мэдээллээ харилцан солилцож, эцсийн дүндээ өөр өөрсдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх эрх ашгийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагаа улам илүү итгэлцэлтэйгээр идэвхжинэ” хэмээн В.Мураховский дүгнэлээ. Энэ хамтын ажиллагаа ирээдүйтэй бөгөөд Хятадын улам бүр хүчин чадал нь өсөн нэмэгдэж буй тэнгисийн цэргийн хүчин, түүнээс үүдэх далай тэнгис дэх эрт илрүүлэлтийн боломж, Оросын агаарын довтолгооноос болон пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн шилдэг системийн хоршил үүсэж ч болзошгүй талаар тэрээр мөн анхааруулав.

Хэдийгээр цэвэр цэрэг-стратегийн талаасаа Агаарын нээллтэй орон зайн тухай гэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг аль алийг нь АНУ нурааж буй үйлдэл “аюултай үр дагавар авчрахгүй” гэдэгт Орос, Америкийн шинжээчид өөр өөрийн байр суурь, өнцгөөс ерөнхийдөө санал нэгдэх хандлагатай байгаа бол үүний цэрэг-улс төрийн, геополитикийн үр дагавар нь илүү ноцтой юм. А.Миграняны үзэж буйгаар, “Орос, Хятад хоёр цэрэг-улс төрийн холбоотон болох тухай өөрсдөө ч төсөөлж, төлөвлөж байгаагүй атал Америкийн зүгээс хоёуланд нь шахалт үзүүлэх гэсэн оролдлого тийм санаа сэдлийг ч төрүүлж болзошгүй, өөрөөр хэлбэл өөр сонголт үлдээхгүй нөхцөл рүү ч хөтөлж мэдэх” аж.

“Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Мэдээлэл”-ийн энэ оны 6-7 дугаарт нийтэлсэн “Европт дахин зэвсэглэлээр хөөцөлдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?” өгүүлэлд зохиогч, ХБНГУ-ын шинжээч В.Рихтерийн дүгнэж хэлсэн “Зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнд ялна гэсэн тооцоотой байгаа талуудад үүнийхээ хор хохирлыг ойлгоход шаардагдах яаралтай, ноцтой дохио сануулга хараахан очоогүй байгаа ч байж магад” гэсэн таамаглал их гүрнүүдийн албаны хүмүүс, эрх мэдэлд ойр шинжээч мэргэжилтнүүдийн сүүлийн хоёр долоо хоногийн мэдэгдлүүлээр ийнхүү дахин нотлогдож байна.

ЭХ СУРВАЛЖ: Аюулгүй байдал судлалын хүрээлэн