УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэг сонгуулийн гурван мандаттай. Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс тус дүүрэгт эдийн засагч Т.Доржханд нар тойрогтоо тэргүүлж, хамгийн их санал авсан урьдчилсан мэдээг СЕХ-ноос өглөө.

Тус тойрогт улс төрийн нам, эвслийн 23 нэр дэвшигчээс гадна долоон бие даагч нэр дэвшсэн юм.

Тухайлбал эрх баригч намаас энэ удаагийн сонгуульд Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийг толгойлж буй Ж.Алдаржавхлан нарыг “сойсон”. Харин сөрөг хүчний дуу хоолой болон Хан-Уул дүүрэгт Б.Түвшин, Т.Энхсайхан, Ч.Өнөрбаяр нар өрсөлдөв. Түүнчлэн “Зөв хүн электорат” эвслээс тус дүүрэгт эдийн засагч Т.Доржханд, “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Б.Мөнхцэлмэг нар нэр дэвшсэн.

Мөн энэ тойргийн хамгийн олны анхааралд байсан “дуулиантай” нэр дэвшигчийн нэг бол яах аргагүй бие даагч Н.Номтойбаяр байв. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож буй юм.