Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
“Энэ жилийн сонгуулийн нэг саналын үнэ 60-100 мянган төгрөг байлаа. Залуус 100 мянган төгрөгөөр саналаа худалдсан.

Иргэд энэ сонгуулиар нэг ч сурталчилгааны материал тоож үзээгүй. Намууд ч мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй. Зүгээр л үүрийн таван жингээр уралдаж мөнгө тараасан. Иргэд мөнгөө хүлээж байсан. Болсон сонгууль ийм.

Өнгөрсөн дөрвөн жилд би, энэ залуус шударга бус явдалтай тэмцэж ирсэн. ЖДҮ, оффшорыг эсэргүүцсэн. Бүтэн дөрвөн жил ярьсан. Гэтэл яг тэр хэвээр нь сонгочихлоо. Энэ юу харуулж байна вэ. Монголд дахиж эрх чөлөөний тухай ярих шаардлагагүй юм байна. Монголд дахиад ардчиллын тухай ярих хэрэггүй юм байна. Дахиад оффшорчдын тухай ярих хэрэггүй юм байна.

Манайх шиг шившигтэй, ичгүүртэй сонгууль хийж байгаа улс дэлхий дээр алга. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо 100-хан мянган төгрөгөөр худалдчихаад юу ч болоогүй юм шиг, маргааш нь “танд, та нарт саналаа өгсөн шүү” гэж худлаа ярьдаг.

Монголд дахиж эрх чөлөөний тухай ярих шаардлагагүй юм байна. Монголд дахиад ардчиллын тухай ярих хэрэггүй юм байна.

Надад саналаа өгсөн, шударга ёсны төлөө байдаг иргэддээ баярлалаа. Харин тэр үзэл бодолгүй саналаа худалддаг, морь унасан толгойгүй хүмүүс хүн амын дийлэнх буюу 60-70 хувь болчихоод байна. Тэд өөрсдийгөө ядуу байна, бид өлсөж байгаа учраас мөнгөө авч байна гэж ярьдаг юм билээ. Тэр хүмүүс хувь заяатайгаа эвлэр. Бид одоо дахиж ЖДҮ, оффшор ярихгүй. Одоо оффшортойгоо, ЖДҮ-тэйгээ, муу муухай бүх юмтайгаа эвлэрцгээ. Дахиад битгий илүү дутуу юм ярь.

Хувьсгал хийнэ гэхээр бүгд аймхай, бэртэгчин, хувиа хичээсэн. Ийм хүмүүс хэзээ ч хувьсгал хийдэггүй юм билээ. Улс төрч хүний нүдээр харахад, энэ бүхэнтэйгээ эвлэрцгээ. ЖДҮХСангаа УИХ-ын гишүүдэд хувьчилж өг.
Орон нутгийн сонгууль энэ чигээрээ л болно, МАН ихэнх суудлыг авна. Бид орон нутгийн сонгуульд орж цаг хугацаагаа зарах хэрэг байна уу.

Саналаа худалдаж 100 мянган төгрөг авсан юм чинь тэрийгээ дөрвөн жил хэрэглэх хэрэгтэй шүү “