Сая сонгуулиар ажигласан нэг зүйл байлаа. Энэ жилийн сонгуульд залуучууд чухал нөлөө үзүүлнэ гээд намууд залуучуудын саналыг авах гэж инфлюнсер буюу бусдад нөлөөлөгч гэх гял цал залуусаар нөлөөллийн кампанит ажлууд өрнүүлэв. Тэдний харагдах байдал дэндүү гял цал байсан тул миний хувьд нүд гялбаад ямар инфлюсерүүд байсныг нь ч харж чадаагүй юм.

6-р сарын 24 болж сонгуулийн санал хураалт эхэллээ. Дээлээ өмсөж энгэртээ одон медалаараа гоёсон ахмадууд өглөөгүүр баярын жавхаатай саналаа өгцгөөж байлаа. Түүний дараагаар “та нар амьд байсиймуу” гэж шоолуулдаг Диназар хоч авсан 60,70,80-аад оныхон идэвхтэй саналаа өгцгөөж байгааг СЕХ-ны ирц мэдээнээс тод харагдана. Харин унаган гадаад хэлтэй, өндөр боловсролтой, дэлхийн иргэн гэж хүндлэгдээд байгаа Genz Z буюу 18-24 насныхан маань сонгуульдаа идэвхгүй байх нь тэр. Тэдэнд Монголын ирээдүй чухал биш бололтой. 17 цагийн байдлаар тэдний ирц 43 хувьтай байсан юм. Сонгуулийн санал хураалт дуусахаас 2 цагийн өмнө олонд сайн муугаараа хэлэгддэг Осоржаамаа үе тэнгийнхэндээ хандаж сонгуулиа өгөхийг уриалан лайв хийхэд түүнийг яриаг шууд 13 мянган хүн үзэж байлаа.

Тэрээр лайв дээрээ “Залууст би хэлье! Дэмий гонзгой залуусаа, дэмийрч халуурч хэвтэлгүй яг одоо босоод даралтны эмээ уудаг нь уугаад, димедролоо уудаг нь уугаад нойрноосоо сэрдэг нь сэрээд хүйтэн усанд толгойгоо шаагаад одоо хурдан гараад сонгуулиа өг!” гэж уриалав. 22 цаг болж санал хураалт дуусахад ирцийн мэдээгээр 18-24 насныхны ирц 50 хувьд хүрсэн байлаа. Өнөөх намууд тал засаж гүйцгээгээд байсан гял цал инфлюсерүүдийн хийж чадаагүйг Minnie mouse, Daisy duck-ын зурагтай шар фудволк өмссөн Осоржаамаа гэртээ сууж байгаад л лайваараа хийчихэв.

Маркетерүүд, пи ар-чид бас улс төрчдөд хандаж хэлье! Аль цаг үед залуу үе байж л байдаг. Залуу үеийнхэн дээд үеийнхнээсээ сэргэг, сэргэлэн байх нь биологи, физиологийн асуудал. Залуу үеэ хэт хөөргөж байж буруу замруу оруулчих вий дээ. Тэд унаган гадаад хэлтэй, дэлхийн боловсролтой гэдэгт эргэлзэхгүй байна. Харин бусдыгаа хүндэлдэг, ахмадаа асардаг, хүнлэг, ёс суртахуунлаг, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн болж төлөвшиж байгаа эсэхэд санаа зовниж байна. Учир нь тэд миний хүүхдүүдийн дээд үе болж явах залуус шүү дээ.

Соёл урлаг залуу үеийнхний хүмүүжилд чухал нөлөөтэй. Гэтэл тэдний сонсож хошуурдаг дуу хуур нь 10 үгний сангаас хэтрэхгүй өгүүлэмжтэй байх юм. Залуу үеийнхнээ шүүмжлэх гэхээс илүү тэднийг зах зээл гэж хардаг маркетерүүд, тэднийг санал гэж хардаг улс төрчидөө! Та нар залуу үеэ хэт хөөсөрсөн зүйлээр битгий угжаач гэж хүсэх байна. Нийгмийн хариуцлагатайгаар тэдний ухаараагүйг ухааруулах, хараагүйг нээж өгөх тал дэар анхаараач. Салхинд хийсэх хамхуул шиг залуу үетэй байхыг хүсэхгүй байгаагаа энэ бичвэрээр хэлэхийг хүслээ.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч