Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал завсарлалаа

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат Н.Номтойбаяр нарын хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш үргэлжлэхээр боллоо.


Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэлсэн боловч, маргааш 09.00 цагт үргэлжлэхээр болсон.


Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал мөн л маргааш өглөөний 09.00 цаг хүртэл завсарлалаа. Энэ тухай тус шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа “Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө гурван удаа хойшлуулсан.

Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэж, маргааш үргэлжлүүлэхээр болов.


Харин шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын хэрэг өмнө нь хоёр удаа хойшилсон. Шинээр авсан өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг нь шүүгч шүүх хуралдаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэж, татгалзсан. Үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг тус дүүргийн ерөнхий шүүгч хянаад, захирамж гаргаж, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат тус дүүргийн бүх шүүгчээс татгалзсаныг бас хүлээн авахаас мөн татгалзсан. Мөн, улсын хоёр яллагчаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг мөн хүлээн авахаас татгалзсан. Шүүх хуралдаан маргааш 09.00 цагт үргэлжлэхээр болсон” гэв.

Шүүгдэгч нарыг маргааш хүртэл хорих 461-р анги руу эргүүлэн ачиж авч явжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардсан лоозонтой иргэдийн жагсаал болсон.

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн нэмэлт хүч шүүхийн гадна ажилласан байна.