УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад эрүүгийн хэргийн шүүхээс 6 жилийн ял оноосон. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт нөхөн сонгуулийн тов зарлахаар болжээ. Сонгуулийн ерөнхий хорооны эх сурвалжийн мэдээллээр “Дээрх тохиолдолд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдана” гэв.


Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.7.“Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заажээ.

77 дугаар зүйл.Нөхөн сонгууль явуулах

77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.

77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

Ингэхдээ “Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн баталдаг.