Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдлаа. Тус хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав. Тус шуурхай хуралдааны үеэр хэлтэс агентлагийн удирдлагууд мэдээлэл хийсэн бөгөөд зарим онцлох мэдээллээс хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд тархаад COVID-19 халдвар дэлхийн 66 оронд бүртгэгдэж нийт 89040 халдвар авснаас 45023 хүн эдгэрч, 3044 хүн амь насаа алдаад байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар короновирусын халдвараар өвчилсөн хүн байхгүй байгаа бөгөөд сэжигтэй 11 хүн, ажиглалтад 320 хүн байна.
Манай аймгийн хувьд бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа бөгөөд “Учралтбаяр” өрхийн эмнэлгийн байранд 30, “Эрдэнэт сувиллын цогцолбор”-т 106 хүний тусгаарлах байрыг бэлтгэсэн аж.
     БНСУ-д элэг солиулах эмчилгээнд явсан боловч нас барсан иргэний ар гэрийн шинжилгээний хариу сөрөг буюу вирус илрээгүй тул өрхийн эмнэлгийн хяналтад гэрт нь тусгаарлажээ.
     Баян-Өндөр сумын ЗДТГ, ОБГ, СӨХ-д хамтран 17 СӨХ, 90 байрны 521 орцны 54920 м.кв талбайг нян вирус мөөгөнцөрийг устгах үйлчилгээтэй ариутгалын бодис ашиглан ариутгал халдваргүйтгэлийн ажил хийгдсэн.
Вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авто тээвэр болон иргэдийн хөдөлгөөнийг хориглосон тул түлшний модны хомсдол үүсч болзошгүй тул арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон бөгөөд одоогийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ сум, Бугат сум, Орхон сумдаас түлшний модны эрхийн бичиг олгож байна. “Буянт хангай”, “Бугат”, “Өндөр буурал”, “Хялгант амьдрал”, “Хангал Сэлэнгэ” зэрэг модны захуудаар үнийн байдал тогтвортой, 6 дэгээт портер мод 260 000-275 000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. “Бугат” модны зах 800 м.куб, “Буянт хангай” модны зах 320 м.куб, “Өндөр буурал” модны зах 120 м.куб модны нөөцтэй байгаа аж.
    Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хууль тогтоомж зөрчсөн зарим иргэд, ААН-үүдэд хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, ОБГ-ын улсын байцаагчаас зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчилд прокурорын зөвшөөрлөөр зөрчлийн хэрэг нээн уралдааныг зохион байгуулсан, оролцсон 4 иргэнд хяналт шалгалт явуулж байгаа бөгөөд нэг иргэнд нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулжээ.
Мөн Цагдаагийн газраас “Шүр” дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох ажилтанд торгуулийн арга хэмжээ авсан. 3-р бичил хорооллын 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байсан биллъярд тоглоомын газрын үйл ажиллагааг хаажээ.
Мөн Засаг даргын 2020 оны А/86 дугаар захирамжийг зөрчиж 18:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулсан 8 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна.
Мэдээллийн төв