Өчигдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар өмнөх хуралдаануудаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, иргэдийг тусгаарлах, ажиглах байруудын бэлэн байдал, хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа учраас хяналтыг эрчимжүүлэх, ААНБ иргэдийн түлээ нүүрсний хангалт, 2020 оны ХАА-н мал хаваржилтын байдлын талаар авч хэлэлцлээ.

Онцгой комиссын шийдвэрийг зөрчин морин уралдаан зохион байгуулсан, хулгайн замаар зорчихыг оролдсон иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах бөгөөд өнөөдрөөс эхлэн хот хоорондын авто замын хөдөлгөөнийг нээж байгаа тул манай аймгийн хувьд Хөшөөтийн даваа хүртэл тээврийн цагдаагийн 62 алба хаагч гарч хяналт тавин ажиллана. Мөн энэ өдрөөс эхлэн хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн байдлаар ажиллах бөгөөд автобуснуудын ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.
Түүнчлэн Онцгой комиссоос энэ гуравдугаар сард эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурыз баярыг нийтээр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллана.
Короновирусын халдвараар 1 хүн өвчилсөн тохиолдолд 5-300 хүнд тараах магадлалтай байдаг учир “Учралтбаяр” өрхийн эмнэлэгт, “Эрдэнэт сувиллын цогцолбор”-ыг иргэдийг тусгаарлах байр болгон бэлтгэж, бэлэн байдлыг хангаж байна.
Мэдээллийн төв