Улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж буй офицер ахлагчид, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист энхийн манаанд зогсоо цэрэг эрс, улс орныхоо орчин цагийн бүтээн байгуулалтанд хүчин зүтгэж буй цэргийн албан хаагчид ахмад дайчид, азай буурлууд болон даян дэлхийд энхийг сахиулах үйлст улс орныхоо нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид, Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье.

Энэхүү “Монгол цэргийн өдөр”-ийг Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан үе үеийн баатарлаг цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа, дархлаа юм. Энэ утгаараа аймгийн нутгийн захиргааны байгууллагаас залуусыг эх оронч хүмүүжүүлээр төлөвшүүлэх, энх цагийн бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж байна. Монгол Улсын зэвсэгт хүчин түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн томоохон сургууль, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн баталгаа байх учиртай.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадарч байх болтугай!

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд,

Эрдэнэт хотын захирагч Дамбын БАТЛУТ