Орхон аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга А.Түвшинжаргал өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын нэгний өдрийг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулахаар болсон талаар ярилаа.
       Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2003 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
     Манай аймгийн хувьд 2013 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж, тус аяны хүрээнд хууль, тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлье” гэсэн уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
     Дээрх ажлын хүрээнд дэлхийн улс оронд тархаад байгаа коронавирустэй холбогдуулан олон нийтийг нэг дор цуглуулахгүйгээр цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
     Тус сарын аяны хүрээнд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд ААНБ-уудад зөвлөмж хүргүүлэх, 2019 онд ХАБЭА-н шилдэгээр шалгарсан 10 ААНБ-уудын тэргүүн туршлагыг цахимаар сурталчлах гэх мэт нийт 15  төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Мэдээллийн төв