МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа!

Дэлгэр сайхан эх орон, Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотынхоо ирээдүй хойч үе болон өсч буй алаг үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье!

 

Хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга” уулзалт болж, “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж байжээ.
Үүнээс улбаалан хожим 1951 онд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар дэлхийн олон улс орнууд дэмжиж, хүүхэд багачуудаа баярлуулах болжээ. Харин манай орны хувьд 1952 оноос хойш эдүгээг хүртэл “Хүүхдийн баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд багачуудаа баярлуулахын сацуу тэдний эрхийг хамгаалах, хүүхдийн дуу хоолойг сонсох өдөр болгон тэмдэглэж ирлээ.
Төр засгийн зүгээс хүүхэд, гэр бүлд тулгамдаж буй асуудал бүрийг шийдвэрлэхийн төлөө, хүүхэд хамгаалал, нийгмийн хөгжил, оролцоог сайжруулахын төлөө, дэлхий нийтийн хандлага, зорилготой зэрэгцэн алхаж, хүүхэд, гэр бүлийн асуудлыг чухалчлан авч үзэж байна.
Хүүхэд багачууд та бүхэн ёс, уламжлалаа мэддэг, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, эх орон, аав ээж, ахан дүүс, байгалиа хайрладаг, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл зорилготой, түүндээ хүрэх гэж хичээн суралцдаг сайн хүмүүс болон өсч өндийгөөрэй.

Эх орон, Эрдэнэт хотын маань гэрэлт ирээдүй болсон балчирхан үрс маань инээд хөөрөөр дүүрэн, үргэлж аз жаргалаар бялхаж байхын ерөөл дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан баярлаарай!

Эрдэнэт хотын захирагч бөгөөд

аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн

Дамбын БАТЛУТ