Аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар удирдан зохион байгууллаа.

            УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан нийтийн хэв журам сахиулах талаар аймгийн Цагдаагийн газраас анхааран ажиллаж байна. Цагдаагийн газрын даргын 2020 оны А/20 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарч 6 дугаар сарын 2-ны өдрөөс штабын жижүүрт 3 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн сонгуулийн сурталчилгааны нээлт, нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалтуудад Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Замын цагдаагийн тасгийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
            Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын 2 дахь ээлжийн ачилт тээвэрлэлт бүрэн дуусгавар болж, 3 дахь ээлжийн ачилт тээвэрлэлт Даваат, Шанд, Их залуу багуудаас эхлэн явагдаж байна.
            Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын ачилт тээвэрлэлтэд хог хаягдал тээвэрлэх 10 автомашин, 3 ковш, 24 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ажлыг эрчимжүүлэх зорилгоор 7 хоногийн 6 өдөр ажиллаж байгаа бөгөөд өглөөний 6 цагаас эхлэн оройны 20 цаг хүртэл, өдөрт 1 автомашин 5 рейстэйгээр ажиллаж байна.
            Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс 4 HOWO маркийн автомашин, 2 ачигч тракторын туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж.
Мэдээллийн төв