Монголын Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг холбогдох байгууллагуудын шийдвэрээр нээлттэй тэмдэглэхээр болсон. Тиймээс аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар баяр наадмын бэлтгэл ажлуудтай танилцлаа.

Энэ жилийн наадмыг аймгийн Хүүхэд, залуучуудын театрын Ерөнхий найруулагч Е.Баярмагнай найруулна. Баяр наадмын нээлтийн ёслол 7-р сарын 11-нд Цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нээлтийн ёслолыг цомхон бүтцээр,  богино хугацаанд хийхээр төлөвлөж байна.
Мөн уяачид баяр наадам болохгүй гэсэн мэдээлэлтэй байсан тус цөөн удаа “үсэргээ” зохион байгуулсан. Иймд хурдан морины уралдах зайг 2-3 км-ээр богиносгохоор шийдвэрлэсэн байна.
Баяр наадмын үйл ажиллагааг орон нутгийн бүх телевизээр шууд дамжуулж үзүүлнэ.
 Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал баяр наадмын бэлтгэл ажлуудтай танилцах үеэрээ баяр наадмын өдрүүдэд бороо орох төлөвтэй байгааг сануулаад, энэ үеэр авч хэрэгжүүлэх ажлуудын бэлтгэлийг сайн хангах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө.
Дашрамд дурдахад, Энэ жил Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал, Цэцэг өргөх ёслол, Өсвөрийн бөхийн барилдаан, өсвөр үеийн сурын харваа, цэнгэлдэхийн гадна урлагийн тоглолт зохион байгуулагдахгүй. Мөн аймгийн алдартан, гавьяатнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалт арга хэмжээг өөрчилж тусгай томилогдсон төрийн албан хаагчид гэрт нь очиж хүндэтгэл үзүүлнэ.
 
Орхон аймгийн баяр наадмын хөтөлбөрийг ЭНД  дарж харна уу.
 
Мэдээллийн төв