Хатгал-Мөрөн, Мөрөн-Улиастай чиглэлийн замыг түр хаажээ

Үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас хөдөө орон нутгийн замд эвдрэл үүсч, зам даваа бартаатай байгааг тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

 

Тодруулбал, Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн байна. Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд хоёр км орчим зайд зам тус, тус сэтэрсэн байна. Сэтэрсэн замыг түр хаах, засварлах ажил хийгдэж байгаа тул хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээлж байна.

Үүний зэрэгцээ, Өвөрхангай аймгийн А0601-дугаартай Элсэнтасархай – Хархорин чиглэлийн замд хүчтэй аадар бороо орсоны улмаас 331, 332, 333, 337км-т хөвөө угаагдаж, сэтэрсэн байна. Иймд жолооч та бүхэн хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.