Хүн амын тооллогыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх аймаг, хот, сум, хороо, баг, хорин, бүх нутаг дэвсгэр дээр 1956 оны 2 дугаар сарын 5-ны өдөр явуулсан болно. Уг тооллого монгол улсад сууж буй бүх хүмүүсийг бүрэн хамарч чадсан бөгөөд нийт хүн амын олон зүйлийг тодруулан харуулж чадсан тооллого болж чадсанаараа түүхэнд онцгой ач холбогдолтой. Уг тооллогын материалаас тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын тоо ба нягтын байдлын талаар тодруулан авч үзье.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын тоо ба нягтын байдал.
1956 оны 2 дугаар сарын 5-ны өдөр явуулсан тооллогын материалаар тус улсын хүн амын тоо:
Бэлэн байгаа хүн ам 845481 хүн, суурин оршин суух хүн ам 844889 хүн болно.
Бэлэн байгаа хүн амын тоо ба суурин суудаг хүн амын тооны хооронд гарч байгаа зөрүү нь 592 хүн бөгөөд энэ нь тус улсад түр оршин сууж байгаа гадаадын харьяат нар мөн гадаадад түр оршин сууж байгаа тус улсын харьяат нар юм.
Аймгууд дээр бол бэлэн байгаа ба суурин суудаг хүн амын хооронд ын зөрүү нь нилээд болох бөгөөд учир нь зарим аж ахуйнууд тооллогын үеэр өөр аймгийн нутагт нүүдэллэн сууж байсан учир тэр байгаа газартаа түр суугчид, өөрийнхөө аймагт түр эзгүй байгаа гэж тоологдсон болно.
Б.Н.М.А.Улсад бүгд 244997 өрх түүнээс:

Ганц бие 32732 өрх буюу 13,4 хувь
Гэртээ 2 хүнтэй 50419 өрх буюу 20,6 хувь
Гэртээ 3 хүнтэй 59817 өрх буюу 24,4хувь
Гэртээ 4 хүнтэй 44233 өрх буюу 18,4 хувь
Гэртээ 5 ба дээш 57797 өрх буюу 23,5 хувь

Иймд дундажаар нэг аж ахуйд / өрхөд / 3-5 хүн оногдож байна. Нэг өрхөд оногдох хүн амын дундаж тоо цөөн байгаа нь урьд лам байсан хүмүүс хөдөлмөр хийдэг болж ганц бие цөөн бүлтэй аж ахуй олширсноор тайлбарлагдана.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн ам бол 1531,0 мянган хавтгай дөрвөлжин километрийн асар их нутагт оршин байгаа юм. Хүн амын дундаж нягт нь 1 дөрвөлжин километрт 0,55 хүн байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол хүн амын тоогоор бага улс боловч газар нутгийн хувьд дэлхий дахинд том улс мөн бөгөөд ЗСБНХУ, Хятад, Америкийн нэгдсэн улс, Канад, Энэтхэг, Саудын Араб, Алжир, Ливи, Судан, Мексик, Аргентин, Бразил, Австрали, Ираны дараа 15-р байр эзэлж байна.
Тус улсын хүн амын нягтын байдал нь дэлхий дахины хүн амын нягтын дундаж байдлаас 37 дахин бага бөгөөд Азийн хүн амын нягтын дундаж байдлаас бараг 65 дахин бага болно. Дэлхийн бөмбөрцөг дээр тус улс шиг ийм сийрэг хүн амтай улс үгүй байна. Говь нутаг ихтэй Саудын Араб, Францын Экваторын Африкт ч гэсэн хүн амын нягтын байдал нь монгол улсаас илүү юм.
Манай улсын хүн амын бараг хагас хувь нь хангайн бүсд оршин суудаг бөгөөд энд хүн амын нягтын байдал нь тус улсын хүн амын дундаж нягтын байдлаас бараг 2 дахин илүү юм.
Төв аймагт /Улаанбаатарыг оролцуулан / хүн амын нягтын байдал нь 1 хавтгай дөрвөлжин километрт 2,18 хүн болох бөгөөд өөрөөр хэлбэл тус улсын дундаж нягтын байдлаас 4 гаруй дахин илүү юм.
Бусад гурван бүсээр хүн амын нягтын байдал дундажаас доош бөгөөд хамгийн бага нь говь цөлийн бүсд 1 хавтгай дөрвөлжин километр 0,13 хүн оногдож юм. Улсын хэмжээгээр хүн амын дундаж нягтын байдал сүүлийн 6 жилд 0,09 хүнээр нэмэгдсэн бөгөөд ялангуяа Улаанбаатар хотод хүн ам шилжин суух болсноос шалтгаалж Төв аймагт 0,92 хүнээр нэмэгдэж хүн амын нягт нь хамгийн ихээр нэмэгджээ.
Хүн амын нягтын байдал Булган, аймгаас бусад бүх аймагт нэмэгдсэн байна. Завхан аймагт хүн амын нягтын байдал нь 1950 оны хэмжээнд хэвээрээ байгаа учир нь хүн амын зарим хэсэг нь бусад аймаг ба Улаанбаатар хотод шилжснээр тайлбарлагдана.
Тус улсын хүн амын тоо нэн их хурдтай өсч байгаа боловч газар нутаг нь уудам учраас хүн амын нягтрал нь аажмаар нэмэгдэх хандлагатай байна.