”ЭМЭЭГЭЭС ӨВЛӨСӨН КОД,,

1. Хүүхэд байхад эмээгийнд очиход халуун саванд нь сайхан сүүтэй цай байгаадаа гээд тонгойлгох бүрд дандаа буцалсан ус байдаг байлаа.

Бусад айлын эмээ нар сайхан сүүтэй цай оочоод сууж байхад манай эмээ яагаад? гэж урамгүйхэн боддог бодол маань хожим юмны зах зухаас ойлгохтой болоод ирэхийн цагт өөрчлөгдөж билээ.

Эмээгийн амьдралдаа хэвшил болгосон гол зүйлүүдийн нэг нь цэвэр ус тогтмол уух.

2.Эмээ залуу байхаасаа 21.20 минутад орондоо ордог. Од, гараг, эрхэс ивээж байдаг цаг гэлүү дээ, хүүхэд байсан болохоор яг таг сайн санахгүй байгаа ч ямар ч байсан энэ цагт амрах сайн гэдгийг эмээ маань ой тоонд суулгачихжээ.

Түүний хэлдэг үг “Эрт унтаж, өглөө эрт сэрэх нь эрүүл, эрч хүчтэй байхын үндэс”. Одоохондоо энэ зөвлөгөөг нь бүрэн хэрэгжүүлж чадахгүй л байна.

3.Эмээ илүүдэл жинтэй хүнд дургүй. Жаахан жин нэмэх маяг ороод ирэхээр “Миний охин таргалж болохгүй шүү.

Ер нь хүн их идээд ирэхээр амарч хэвтэхийн түйс болж ажлын бүтээмж буурахаас гадна тархинд нь гэдсэн дэх хоолоо яаж шингээх вэ гэсэн бодол л эргэлдэнэ.

Хүн ер нь хагас өлсгөлөнгийн байдалтай байх үедээ л оргил бүтээлүүдээ туурвисан байдаг юм шүү дээ” гэж захина.

4.Эмээ хоолыг их нямбай хийнэ. Сүүлний өөх нимгэхэн хярж хэрчсэн хар шөл. Гурил нимгэн банш. Цэвэрхэн идэнгэтэй сайхан хоол хийдэг.

Сэтгэлээ гаргаж нямбай хийсэн хоолоо тэгж их идэхгүй. Гэдсээ биш сэтгэлээ дүүргэхийн ухааныг тэндээс л анх мэдэрч өссөн дөө.

5.”Үсээ битгий орой дээр нь чанга боож байгаарай.Толгой дээрээ хамаг арьсаа татаж боогоод эргээд задгайлах тоолонд нүүрний арьс руу чинь нүүж үрчлээ нэмнэ” гэнэ.

Миний хувьд онцгой тохиолдол л биш бол нүдээ жартайтал татаад үсээ дээрээ овоолохыг урьтал болгодоггүй. Энэ жижиг зөвлөгөө бол эмээгийн гоо сайхны бяцхан зөвлөгөөнүүдийн нэг.

Эмээ 80 хол гарсан ч духандаа нэг ч үрчлээгүй. Бас их сайхан үстэй. Сайхан үснийх нь нууц ердөө л халуун хайч, сэнс бага хүргэснийх. Үсээ угааж хатаан үл ялиг чийгтэй дээр нь бигүди орооно.

6.Эмээ сувилалд амрах дургүй. Саравч доор яригддаг даралтны эм, үе мөчний сайн эмнэлгийн тухай хөгшчүүдээс сонсож байснаас хэдэн оюутнуудтайгаа “маазарч” суух нь хамаагүй дээр гэнэ.

Эмээгийн амнаас залуусын орчин үеийн хэллэг унахад нэг их гайхаад байдаггүй. Яагаад гэвэл өвчин, зовлон биш өөдрөг тэмүүлэл эмээг минь залуу, эрч хүчтэй болгодгийг мэддэг болсон болохоор тэр.

7. Дулааны цагт ажил руугаа солионы шилэн трико цүнхлээд явж байгаарай миний хүү. Энэ бол эмээгийнх нь орос сургуулиас эзэмшсэн соёл. Хүнд соёл, гоозүй байх ёстойг үргэлж сана! гэж захина.

“…Амралтын бүжигт орох юм болтол, Амбалаа бүжгийн танхим руу шагайж ирээд – Одоогийн энэ бүжиг ч дээ. Эр эм нь ялгагдахгүй пөөнийсөн пөөнийсөн юмнууд байх юм гэж их л урамгүй дуугараад өрөөндөө үлдсэн.

Багшийгаа хумсны лак, бүжигт өмсөх туфлитэйгээ ирсний нь мэдээд хүүхнүүд бид бас дахин
нэг ичсэн дээ…” гэж нэг шавь нь ярьж билээ. Эмээ ийм л хүн.

“Өөрөөс эхлэх амьдрал” номын хэсгээс..