Жүжигчин Батушка Бадархундагаас хүртэв

Хошин урлагийн Шинэ үе хамтлагаас ажлынхаа гарааг эхэлж, өдгөө Мөрөөдлийн театраар овоглох болсон жүжигчин Батушка Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрханд очоод иржээ. Тэрээр хайрханы өвөрт орших Бадархундага нуураас уусан зургаа цахим хуудаснаа “Рашаан хүртэв” гэх тайлбар оруулжээ.


Сонирхуулахад, тус нуурыг мөнх цаст Очирваань уулын “энгэр түлхүүр” гэх нь ч бий. Өвөр Бадархундага нуураас Энэтхэгийн Ганга мөрөн газар доогуураа хүйн холбоотой гэж эртний ном сударт тэмдэглэсэн байдаг. Тэр л ариун дагшин рашаан уснаас хүртэх гэж алсаас зорьж ирсэн мянга мянга хүн Чулуутын голыг хэдэнтэй өгсөж уруудна. Ар Бадархундагаас нь эх авч урсдаг Чулуут хэмээх уулын гол цэнгэгийнхээ хэрээр уухад магнай хага ташим, туулахад чөмөг хага ташим хүйтэн аж.

Ар, өвөр Бадархундага нууранд долдугаар сарын эхэн үе хүртэл зүрхэн эсвэл навчин хэлбэртэй мөсөн жингэлүүд хөвдөг гэнэ билээ.