Монгол банкнаас мэдээлсэн валютын ханшийг долдугаар сарын 28-ны байдлаар танилцуулж байна. Үүгээр ам.долларын ханш 2019 оны есдүгээр сараас хойш тогтмол өссөөр 2,843.93 төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрөгч хугацаан дах хамгийн өндөр дүнд тооцогдох юм.

Харин еврогийн ханш мөн үеэс хойш тасралтгүй өссөөр 3329.82 төгрөг болжээ. Еврогийн хувьд ам.доллартай харьцуулахад сүүлийн хоёр өдрийн дотор 50 орчим төгрөгөөр өсөөд буйгаараа онцлог байна.

Цаашлаад юань 406.20, рубль 39.71, вон 2.38 төгрөгийн тус тус ханштай байна.
Өмнө нь валютын ханш чангарахад хүмүүс бухимдаж, юань, ам.доллар авах гэсэн иргэн “Найман шарга” худалдааны төвөөр олон байсан. Энэ удаад валютын ханш чангарсан ч эрэлт бага байгаа нь анзаарагдав.

Валютын ханш чангарахад төгрөгийн худалдан авах чадвар сулардагийг хэн хүнгүй мэднэ. Нэг үгээр хэлбэл, валютын ханш чангарч, энэ нь удаан үргэлжилбэл импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг бичигдээгүй хууль манайд бий. Иймээс иргэд валютын ханшийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх вий хэмээн эмээх нь арга ч үгүй юм. Удахгүй Цагаан сар болно. Энэ үед монголчууд гурван сар идэх гурил, зарим хүнсний бүтээгдэхүүнийг хэдхэн долоо хоногийн дотор хэрэглэдэг гэх тооцоо бий. Иймээс Цагаан сарын өмнө валютын ханш чангарах нь бараа бүтээгдэхүүний үнийг буулгахгүй байх, цаашлаад үнэ нэмэгдэхэд нөлөөлж мэдэх нь. Түүнчлэн, валютын ханш чангарсан гэдгийг далимдуулан бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх явдал гардаг.

Валютын ханш чангарах нь нөөцөөс шууд хамаардаг. Дэлхийг хамарсан коронавирус цар тахлын улмаас дэлхий нийт санхүүгийн хямралтай байгаа. Мөн манай улс хилийн хориг тавьсантай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, мөн бусад шугамаар орж ирэх ам.долларын хэмжээ буурснаас болж валютын нөөц дундрахад хүрсэн байж болно. Энэ жил хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг буурсан. Энэ нь валютын нөөцөд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй хэмээн зарим эдийн засагч болгоомжилж байгаа. Харин холбогдох удирдлагууд үүнд санаа зовох шаардлагагүй хэмээн ярьж байна. Валютын нөөцийг тогтвортой байлгах нь Монголбанкны нэг зорилго билээ.