Намрын ногоон өдрүүд ирлээ. Туршлагатай гэрийн эзэгтэй нар өвөл хэрэглэх ногоо, жимсээ даршилдаг их ажлын цаг айсуй. Дархан, Сэлэнгийн гэрийн эзэгтэй нар энэ талын арвин туршлагатай хүмүүс. Дархан-Уул аймгийн иргэн, С.Наранцацралаас өргөст хэмх даршилдаг жорыг нь сонирхсон юм.

Тэрбээр олон жилийн турш ногоо, жимс даршилсан туршлагатай агаад хүүхдүүд нь ээжийнхээ даршилсан ногоог дэлгүүрийнхээс илүүд үздэг.

Өргөст хэмх даршлахын тулд эхлээд шил, таглаа, даршлах ногоогоо сайтар угааж цэвэрлээрэй. Дараа нь уусмал бэлтгэнэ. 10 литр усанд 500 г давс, 300г сахар, 200 г уксус орно.

Сайтар угааж бэлтгэсэн 800гр болон литрийн шилэндээ эхлээд амтлагч ногоогоо хийнэ.

Ингэхдээ нэг шилэнд укропны нэг жижиг багц, гоньд, нэг хумс сармисыг дөрөв хувааж хийнэ. Дунд зэрэг лаврын навч нэгийг, үрлэн хар перец таван ширхгийг нэмээрэй. Сонгино хэрчиж хийж болно.

Дараа нь шилэндээ өргөст хэмхнүүдээ сайтар чигжиж хийгээд, уусмалаасаа нэмнэ. Ингээд шилэн дээрээ тагаа хагас тавиад, буузны томхон жигнүүрт шилтэй ногоогоо хийж, 15 минут орчим жигнэж ариутгана. Заавал 15 минут хүлээлгүйгээр шилтэй уусмалд бөмбөлөг хөөрч эхлэхэд бэлэн болсон гэж үздэг.

Ингээд жигнэсэн шилтэй өргөст хэмхээ гаргаж, тагийг нь сайтар таглаад, уруу нь харуулж гурав орчим хоног тавиарай.

Тагаар нь уруу нь харуулж тавихад, шилний хий бүрэн гарч, консервлогдоно. Арван литр уусмалаар 800-гаас нэг литрийн шилтэй 55-60 шил даршилсан өргөст хэмх бэлтгэнэ. Уусмал бэлтгэх усаа буцалгаж хөргөсөн байх учиртай.