Засгийн газрын ээлжит хуралдаан өнөө өглөө боллоо. Хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголыг танилцууллаа. Улсын төсвийн орлого одоогоор 2.1 их наяд төгрөгөөр тасарсан. Оны эцэс гэхэд 3.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Орлогоо нэмэх зорилгоор засгийн газар блокчэйн технологид суурилсан бонд гарган, санхүүжилт татна. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон улсын зах зээлд бонд, дотоодод үнэт цаас гаргалгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Гэхдээ бид блокчэйн платформд суурилсан бонд гаргах бэлтгэл ажлаа дуусгаад байна. Мөн төсвийн зээл авна.

Дэлхийн эдийн засаг энэ онд 5–7 хувиар унах тооцоог бүх байгууллага хийн танилцуулсан. Хэдий ийм байгаа ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар эргээд өснө. Иймд КОВИД19-ийн эсрэг авах арга хэмжээнд эдгээр тооцоог ашиглав. БНХАУ-ын эдийн засгийн өсөлттэй мөн уялдуулан төсвийг тодотгов. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталсан:

Одоо авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Эрүүл мэндийн салбарын зардлыг 115 тэрбум төгрөгөөр нэмсэн. Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 тэрбум төгрөг, улирлын томцуугийн вакцины зардал 22 тэрбум төрөг тус тус зарцуулна. Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүст (үүнд ОБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, МХЕГ хамаарна)-т илүү цагийн цалин олгоход 110 тэрбум төгрөгийн зардал олгоно.

Экспорт өсгөх арга хэмжээг авна.
Цахим шилжилтийг хийнэ.

Энэ онд гэрээ хийгээгүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхгүй. Ингэснээр 520 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ. Эд хогшил тавилга, бараа үйлчилгээний зардал гэх мэт тэвчиж болох зардлууд буюу 118 тэрбум төгрөг танасан.

Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөгийг 2020 он дуустал хэрэгжүүлнэ. Уг нь энэ шийдвэр аравдугаар сар хүртэл үргэлжлэх байв. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагтай.
Хүнсний талоны хангамжийг мөн дуустал олгоно.

НДШ–ийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ийг он дуустал тэглэнэ.
Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ.