Хавтаст хэрэг: ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ ДОЛООН САЯ төгрөгөөр торгуулах ял авлаа

Монгол улсын иргэн Х.Оргил-Эрдэнэ нь нийтийн албан тушаалтнаар буюу Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн, БНХАУ-ын Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Л.Х-с 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан өрөөндөө 20.000 /хорин мянга/ юань буюу 7.822.400 төгрөгийн хахууль аваад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хахуульд авсан мөнгийг нь улсын орлого болгож мөн хэмжээний мөнгөөр торгох ялаар шийтгэжээ. Бид хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна.

Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан буюу Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Оргил-Эрдэнэ хэргийнхээ талаар шүүхийн шатанд ингэж мэдүүлсэн юм. “Би 2005 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсөөд 15 жил замын салбарт ажилласан…Тухайн хэрэг гардаг 2019.12.30-ны өглөө 08 цаг 30 минутын үед Л.Х-ийн орчуулагч залгаад “ажил дээрээ ирэх болж байна уу” гэж хэлэхэд “Арай очих болоогүй та нарт надтай уулзах уулзалт байхгүй” гэж хэлсэн. Учир нь урд өдөр нь Авто зам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээ болж оройтсон байсан. Тэгээд намайг гэрээсээ гараагүй байхад дахин залгахад “Би 20-30 минут болно” гэж хэлсэн. Тэгээд Зам тээврийн хөгжлийн яам руу ороход үүдэнд орчуулагчтайгаа байсан. Би баруун гар талдаа зуны ботинкоо бариад үүдний жижүүртэй мэндлээд орсон. Араас Л.Х орчуулагчийн хамт ороход жижүүр бичиг баримтаа шалгуулаарай гээд үлдсэн. Би өрөөнд ороод компьютероо асаагаад байж байхад араас орж ирээд орчуулагч нь гараад явсан. Үүд хаагаад надад нэг боодолтой зүйл Л.Х өгөхөд би хэл ойлголцохгүй тул гараараа ингэж болохгүй гэж дохиод түлхчхээд доошоо хараад гутлаа сольж уутанд өвлийн гутлаа хийчхээд дээшээ харахад Л.Х алга болсон байсан. Гэтэл ширээн дээр Хятад бичигтэй боодолтой зүйл тавьсан байсан. Би араас нь гүйж гараад коридорт харахад юу ч байхгүй. Урд 407 тоот өрөө рүү ороход 1-2 мэргэжилтэн байсан. Би буцаж өрөөндөө орж ирсэн. Орчуулагч руугаа явсан гэж ойлгоод жаахан хүлээгээд орчуулагчтайгаа орж ирэх байх гээд юуг нь ч ойлгоогүй сууж байтал дэд сайдын туслах над руу залгаад яаралтай ороод ирээч гэж хэлсэн. Дэд сайд Халтар нь надад Төмөр замтай холбоотой үүрэг даалгавар өгсөн. Би замдаа 2 мэргэжилтнээ дуудаж өрөөндөө орж ирэхэд нөгөө боодолтой зүйл байсан. Би төрийн нарийн бичгийн даргын тушаалаар гэрээ дүгнэх ажлын хэсгийн дарга байсан учир 4 компанитай уулзаж тохиролцсон байсан. Ирэх жил хэдэн сард замын ажлыг дуусах вэ гэдгээ танилцуул гэх байр суурьтай байсан. Манай ажлын хэсэгт хяналт шинжилгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн, хуулийн мэргэжилтэн, хариуцсан мэргэжилтэн, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүмүүс байдаг учир тэдгээрт танилцуулах гээд боодолтой зүйлийг шүүгээнд авч хийсэн. Тэгээд араас нь Загдраднаа болон мэргэжилтнүүд орж ирж тухайн асуудлыг өрөөндөө ярьсан. Үүний дараа зарим мэргэжилтнүүд надаар гарын үсэг зуруулах гээд ажил хөвөрсөн. Ингээд нэг мэдэхэд 12 цаг болсон байсан учир Эрдэнэ-Очирын хамт ресторанд орж цай уухад “Хятадууд ирсэн үү гэхэд ирсэн нэг боодолтой зүйл өгөөд гарлаа” гэж хэлсэн. Тухайн үед гавьяат барилгачин нас барсан байсан тул Эрдэнэ-Очир мөнгө хураагаад завгүй байсан. Би Эрдэнэ-Очирт үүнийг ажлын хэсгийн хуралдаанд гаргаж танилцуулъя гэдэг байдлаар хэлсэн.

Надад хүнээс мөнгө авахаар тохиролцсон зүйл байхгүй. Уг ажлыг хурдан хугацаанд хийж 10 сар гэхэд хучилтыг дуусгана гэчхээд дуусгахгүй болохоор нь гэрээний 15.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг тавьсан. Яагаад өдрийн 0.5 хувийн алданги тооцох гээд байгаа юм гэхэд гэрээн дээр зааснаар алданги тооцно гэж хэлсэн. Түүний зөвлөх Ая Сити компани нь зохих хэмжээний мөнгө тавьбал түр замыг тавих боломжтой гэж байсан. Түр замыг авах ажлын мөнгө хэтэрхий бага учир дуусахгүй байна гэх зөвлөгөөг өгсөн. Түүний компани 37 километрээс 14 километрийг тавьсан учир би шаардлагаа тавьсан. Тэгснээс надад бусдаас мөнгө авах бодол байгаагүй. Авто замын салбарыг зөв бодлоготой, ард иргэдэд ойлголттой болоосой гэж ажиллаж байсан. Тухайлбал, тусгай зөвшөөрөл гэх маргаантай зүйлийг нээлттэй болгох, олон хүний гарын үсэг зурдаг байдлыг багасгах зэрэг олон үр ашигтай ажил хийсэн.” Гэж өөрийгөө өмгөөлж шүүхэд тайлбар өгсөн байна.

Харин түүнд хахууль өгсөн БНХАУ-ын иргэн Л.Х шүүхийн танхимд “Би Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн. Монгол Улсад зам засварын ажил хийхээр ирсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний 37 км авто замын ажлыг 13 сая ам долларын хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр манай компани тендерт шалгарсан. Ингээд 2019.06.21-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээгээ байгуулж ажил эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 20-дын орчим Зам тээврийн яамнаас 09 цагт хурал хийнэ гээд намайг дуудсан. Тухайн үед төв компанийн ажлын хүмүүстэй уулзах гээд тохиролцсон байсан учир 2019.12.24-ний өдөр Бээжин явах билетээ авсан байсан. Ингээд 09 цагт хурал зарлагдсан учир би Зам тээврийн яаманд очиход хурал цагтаа эхлээгүй. Би 10 цагт нисэх буудал явах ёстой байсан учир явахгүй бол болохгүй гээд хурлаа хаяад гараад явсан. Коридорт Х.Оргил-Эрдэнэтэй таарч “Өнөөдөр би чөлөө авъя, энэ хуралд оролцож чадахгүй байна, урьд ажил ихтэй билетээ авсан учир явлаа” гэдгээ хэлээд чөлөө авахад Х.Оргил-Эрдэнэ чөлөө өгөхгүй гэх янзтай толгой дохисон. Би түүнтэй гар барих гэтэл гар бариагүй. Ингээд би Бээжин явсан. Би үнэхээр хурлаа хаяад явсан учир сэтгэл эмзэглэсэн. Би Бээжингээс 2019.12.29-ний өдөр буцаж Монгол Улсад ирсэн. Энэ өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр Зам тээврийн яамны нэг ойн баяр болж байгааг сонссон. Би хурлыг нь хийгээгүй хаяад явсанд уучлалт гуйх гээд Зам тээврийн яаманд орчуулагчийн хамт очсон. Очоод би Х.Оргил-Эрдэнээс уучлалт гуйх гээд өөрийн 20.000 юанийг дугтуйнд хийгээд дээр нь нэрээ бичээд түүний өрөөнд орж ширээн дээр тавиад эргээд буцаад явсан. Уг мөнгийг өгөхдөө ямар нэгэн ажлын байдлаар өгөөгүй. Бид 2 хэл нэвтрэлцэж чадахгүй учир юм яриагүй эргэж гарахдаа баяртай гээд гараараа дохиод гарсан.

Би энэ талаар Монгол Улсын хуулийг мэдэхгүй, хууль зөрчсөн байна гэдгээ тухайн үед огт мэдэхгүй байсан. Би уучлалт гуйж байна, Зам тээврийн ойн баяр болсон, давхар шинэ жил болж байна гэж бодоод тэрийг өгсөн.

Сүүлд нь өмгөөлөгч авахад энэ хүний өрөөнд ямар нэгэн байдлаар юм оруулж өгсөн бол та хууль зөрчсөн гэж хэлэхэд би буруу зүйл хийснээ мэдсэн. Үүнээс хойш би буруу зүйл хийсэндээ маш их санаа зовсон…/уйлав/… Х.Оргил-Эрдэнэ даргыг үнэхээр ажлаа сайн хийдэг гэж ойлгодог. Замын талбайд дандаа бидэнд шаардлага тавьдаг. Янз бүрийн ажлын шаардлага тавьсны төлөө би мөнгө өгөөгүй. Би энэ хүнийг ийм байдалд оруулсанд хэцүү байна. Би урд, өөрийн улсад байхдаа ямар нэгэн хэрэг, зөрчил маргаанд холбогдож үзээгүй. Хятад хүмүүс ямар хөдөлмөрч байдаг түүн шиг л ажилладаг.

Монгол Улсад ирээд ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр харамсалтай байна, уучлаарай. Би одоо 65 настай. Хэд хоногийн өмнө Интермэд эмнэлэгт хэвтсэн. Монголд ирээд ийм хэрэг хийсний улмаас би бүтэн нойртой хоноогүй. Үүнээсээ болоод 3 удаа ухаан алдаж эмнэлэгт хэвтсэн. Эмч үзээд намайг элэгний церрозын 3 дугаар үед орсон байна гэж хэлсэн. Би урьд өмнө нь элэгний судсаа 2 удаа боолгуулж байсан. Эмч хэлэхдээ урагшаа явж элгээ солиулахгүй бол болохгүй гэж хэлсэн. Машинд хамаагүй суугаад доргиож болохгүй тухай зөвлөсөн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож сэтгэлийн үгээ хэлж байгаадаа баяртай байна. Миний өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргаж өгсөн сэтгүүлд намайг урд байхдаа ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсныг харуулж байна. Би урд байхдаа хийсэн ажилдаа үр дүнтэй байдаг байсан. Намайг урьд нь ийм буруу үйлдэл хийж байгаагүй гэдгийг харуулсан.

Би биеэ эрүүл болгосны дараа дахин Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж сайн хүн болохоо харуулна. Саяхан би Монгол улсад корона вирустай тэмцэхэд зориулж 10.000 ширхэг амны хаалт хандивласан байгаа. Би хэл мэдэхгүйгээс ийм буруу үйлдэл хийсэнд гэмшиж байна. Намайг ойлгоорой” гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэг нь хахууль авснаа, нөгөө нь өгснөө хүлээсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хээл хахууль өгөгчөөс хахууль авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Х.Оргил-Эрдэнэ нь БНХАУ-ын иргэн Л.Х-ийн өөрийнх нь албан өрөөнд орж өөртэй нь уулзаад гарахдаа үлдээсэн дугтуйтай зүйл нь юу болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан, мөн тухайн үед дугтуйтай зүйлийг Л.Х-с авахгүй байх талаар эсэргүүцээгүй, татгалзаагүй, Л.Х-г өөрт нь хахууль өгсөн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хэрэг юм. Хэдийгээр Х.Оргил-Эрдэнэ нь Л.Х-с хахууль авахаар нэхэж шаардаагүй, түүнтэй энэ талаар урьд өмнө нь ярилцаж тохиролцоогүй, авилга авахаар өөрөө санаачлаагүй боловч албан үүрэг, албан тушаалын хувьд Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яам, автозамын ажлыг захиалагч талыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хувиар тендерт шалгарч хийх болсон авто замын ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэхгүй байгаа гүйцэтгэгч тал болох гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагаас албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шан харамж шууд авч байгаа үйлдэл нь өөрөө хахууль авах гэмт хэрэг мөн юм.

Тиймээс хахууль өгсөн болон авсан этгээдүүдийг гэм буруутайд тооцсон. Шүүхээс тэдэнд ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Х.Оргил-Эрдэнэ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хахууль авах гэмт хэргийг үйлдэхдээ өөрөө анхлан санаачлаагүй, бусдаас хахууль нэхэж шаардаагүй зэрэг хэргийн нөхцөл байдал, ар гэртээ ажил хөдөлмөр хийж тэжээн тэтгэж байгаа ганц хүн зэрэг ар гэрийн нөхцөл байдал, БНХАУ-ын иргэн Л.Х-н түүний удирдсан компанийн Монгол улсад хийж байгаа авто замын ажил нь дуусаагүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасч торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэсэн. Улмаар Х.Оргил-Эрдэнийг хахууль авсан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оноосон. Харин хахууль өгсөн БНХАУ-ын БНХАУ-ын иргэн Л.Х-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 14000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оноосон юм.

Хахуульд өгсөн байсан мөнгийг улсын орлого болгосон.

Өөрөөр хэлбэл ДОЛООН САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ аваад долоон сая төгрөгийн торгууль төлөх ял сонссон гэсэн үг юм.