Б.УНДАРМАА ЗОДООД УУР ЧИНЬ ГАРАХ УУ…

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутай үзэв.

Гэм буруутай гэж үзсэн тохиолдолд маргааш өглөө нь хорих анги ачдаг учраас нийгэм даяар баярын алга ташилт. “Шударга ёс тогтлоо, муусайн баячуулын хөрөнгийг хураалаа. Бид баяжихгүй бол бүгдээрээ ядуу байцгаая” гэсэн уур амьсгал нэвт салхиулав.

“Бишрэлт”-ийн гэх Б.Ундармаа 30 гаруй жил банк санхүүгийн байгууллагад бизнес эрхэлсэн эмэгтэй ЖДҮС-гаас зээл авсан гэдгээр буруутгаж ял өгөхөөр болжээ. Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Доктор Мейк” компаниараа 2017 онд ЖДҮС-гаараа 800 сая төгрөг авсан гэж буруутгагддаг. Уг нь бол “Доктор Мейк” компаниараа эмийн үйлдвэр барина хэмээн 1,5 тэрбум төгрөг авахаар би буруу дуулаагүй бол 2015 хавьцаа шалгарсан билээ.

1,5 тэрбум төгрөг авсан гэвэл Б.Ундармаа УИХ-ын гишүүн болоогүй, албан тушаалаа ашиглаагүй болох (2015 онд шалгарсан төслийн санхүүжилтээ хуваан олгосон) учраас хуулийнхан 2017 оны үлдэгдэл 800 сая төгрөг дээр тоглохгүй юу. “Хүн нь олдвол хэрэг нь олдоно гэж”. ЖДҮС-г хоослосон эрхэм түшээдийг“боломж” хулгайлсан хэмээн иргэд хилэгнэж буй. Энэ уур хилэнг дарахын тулд ЖДҮ авсан нөхдийг хоёр хуваан манай талд гүйсэнд нь албан тушаал, цол хэргэм, огцруулах талд гарын үсэг зурсан улс төрчдөд шорон өгч байна.

Ерөнхийдөө улс төрийн өшөө авалт болон хувирлаа. Б.Ундармаа АН, МАН-гүй нүдэж банкыг дампууруулж (ОУВС-гаас онц үнэлгээ авсан даруйд нь) хууль бусаар ял өгч ард түмний уур хилэнг намжаан шударга ёс тогтоох гэж үү. Үүний цаана 600 мэргэжилтэн ажилгүй болж 482,471 харилцагч, 96326 хадгаламж эзэмшигч нарын үйл ажиллагаа, итгэл унтарч олон тэрбум төгрөгийн хохирол бий болно. Алга ташилт ийм үнэтэй тусна гэдгийг нийгмийн хэдэн хувь ойлгож байгаа бол доо…