Хоёр настны эцэг эхчүүд ажилгүйчүүдийн эгнээнд орох уу, аль эсвэл тэднийг цоожлоод гарах уу

Засгийн газраас цэцэрлэгүүд хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байх шийдвэр гаргав.


Өөрөөр хэлбэл, 2020-2021 хичээлийн жилд 10 дугаар сарын 01 хүртэл хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэггүй, гэртээ хүмүүжинэ. Хүүхдүүд гэртээ эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ дэмжих вэ гэдэг хүндхэн сонголтын өмнө ирээд байна.

Харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх болчхоод байна. Хоосон хонохгүйн тулд хоёрхон настай балчир үрээ цоожтой хаалганы цаана үлдээгээд ажилдаа явах “бөх зүрхтэн” олон биш ч, цөөнгүй.
Төрөөс эдгээр гэртээ үлдэх хүүхдүүдийн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагыг багасгах, гэрээр ажиллах нөхцөл бүрдүүлэх боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт олон найдлага тавьсаар байна.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эх асран халамжлагчын ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа гарах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.