2 цаг 30 минутын сургалт боловсролын чанарт нөлөөлөх үү

Коронавирус цар тахлын улмаас БШУЯ-наас журам гаргаж, Ерөнхий боловсролын сургуулиудыг өдөрт 2 цаг 30 минутаар дөрвөн ээлжээр хичээллүүлээр болсон.


Жишээлбэл, ЕБС-ийн нэг ангийг хоёр хувааж, эхний группыг 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллүүлж, дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулсан гэсэн үг.

Богино цагийн сургалттай холбоотойгоор эцэг эхчүүдийн зүгээс боловсролын чанарт өөрчлөлт орох вий гэсэн айдастай байгаа.

Энэ талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Танхимын сургалтаар явсан хичээлийг ч теле хэлбэрээр гаргана, зайны сургалтаар явж байгаа хичээлийг ч теле хэлбэрээр гаргана. Мөн хэвийн үйл ажиллагаанд шилжих хүртэл хоцрогдолтой хүүхдүүдэд өмнөх агуулгыг бататгах агуулгаар явна. Тухайлбал, сая хоёр дугаар анги төгссөн хүүхдүүдэд гуравдугаар ангийн эхэн хэсэгт өмнөх үзсэн юмнуудыг нь бататгах хэлбэрээр орно. Харин нэгдүгээр ангийн хувьд бэлтгэл 40 цагийн хөтөлбөр явна. Өөрөөр хэлбэл, зурлага, гар зүгшрүүлэх хөтөлбөр эхний ээлжид явагдана. Ингээд дасан зохицсоны дараа үсэг, тоо үзэх юм” гэв.

Бага ангийн хүн орчин, биеийн тамир, хөгжих гэх хичээлүүд цахимаар явагдах бол, дунд болон ахлах ангийн хувьд монгол хэл, математикийн хичээлүүд дээр суурилаад байгалийн ухаан, хими, биологи, физик, түүх, нийгмийн ухаан, гадаад хэлний хичээлүүдийг орох цагийг багасгаж хоёр цаг ордог байсан бол нэг цаг оруулах зохицуулалт хийж байгаа учир эцэг эхчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж албаны эх сурвалж тайлбарлав.

ЕБС-уудын багш нар яамны гаргасан шийдвэрийг тун таатай хүлээн авсан байна. Тэдний хэлж буйгаар, “21-р зууны иргэн хүнд тавигдах нэг шаардлага бол цахим орчинд ажиллах чадвар. Энэ хөл хорины үед сурагчид цахим орчинд ажиллах чадварт суралцаж байгаа нь давуу тал юм. Мөн хичээл хоцрогдолтой байгаа сурагчдын хувьд өмнөх ангийн хичээлээ үзэж болж байна. Нэгэнт цахим орчинд суралцах чадвар эзэмшсэн хүүхэд их сургуульд элссэний дараагаар хоцрогдсон агуулгаа богино хугацаанд нөхөөд сурчих боломж бий. Өөрөөр хэлбэл, боловсролын чанарт сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа” гэдгээ дуулгав.