Ирэх жил хог дээр хаягдах сурах бичгийг энэ жил хэвлэх хэрэг байна уу, Боловсролын сайд аа?

Жил бүр хэдэн зуун мянган сурах бичиг хэвлэгдээд хог болж хаягдах нь сүүлийн хэдэн жил хэвийн үзэгдэл болжээ.
Үүний шалтгаан нь ердөө л Боловсролын яам сургалтын хөтөлбөрөө байнга өөрчилдөгтэй холбоотой.


Өөрөөр хэлбэл, өмнөхөө халж, дахин шинийг хэвлэх тендэр зарлаж, тэндээсээ яам агентлаг нь “мөнгө угаах” хэрэгсэлээ болгосон гэхэд болно.
Өмнө нь 8 настай сургуулийн босгыг алхана ороод 10-р ангийг төгсдөг байхад сурах бичгийн хүрэлцэхгүй байх асуудал гардаг байсан ч хэвлэх тоолонд чанар чансаатай болж, алдаа мадаггүй гардаг байсан. Гэвч өдгөө жил бүр хэвлэж, шинэчилж байгаа хэрнээ дорвитой өөрчлөгдөж шинэчлэгдсэн байгаа зүйл ажиглагдсангүй. Сурагчид өмнө жил хэрэглэсэн сурах бичгийг эдэлгээг нь уртасгаж эмнэж, домноод хэрэглээд л болоод байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин одоо үед хэмнэлт биш үрэлгэн яамтай болсон уу жил бүр л шинэ сурах бичиг хэрэглэж, тэр нь ирэх хичээлийн жилд хог дээр хаягддаг болоод удаж буй.


Иймд Боловсролын яамнаас сурах бичгийн тогтвортой хэрэглээний талаар бодлого шийдвэр гаргаж, сурах бичгийг сурагчидад жил дамжуулан хэрэглүүлдэг, үрэгдүүлвэл төлүүлдэг байсныг эргэн сэргээвэл зохилтой. Ингэснээр хүүхдүүд нийтийн өмчид гамтай хандаж сурна, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм.
Түрээсийн сурах бичиг ч хэрэггүй, зүгээр л үрэгдүүлвэл төлүүлдэг байхад болно. Боловсролын яамны шийдвэр гаргагчид энэ талаар анхаарах хэрэгтэй байна.
Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014 оноос бага, дунд, ахлах ангийн сургалтад үе шаттай нэвтрүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд үүний дагуу нийт 122 нэр, төрлийн сурах бичгийг шинэчлэхэд давхардсан тоогоор 719 зохиогч ажилласныг Боловсролын хүрээлэнгийнхэн дуулгав. Зохиогчдын 49 хувь нь их, дээд сургуулийн багш, 18 хувь нь мэргэжлийн байгууллагын судлаач, аргазүйч, мэргэжилтэн, 27 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн багш, зургаа орчим хувь нь хөндлөнгийн хүмүүс байдаг. Гэвч салаа утгатай үг, өгүүлбэр, агуулга, шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал, даалгавар, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай эх бүхий өчнөөн сая ном хэвлүүлсэн.

Энэхүү алдаагаа ч номын зохиогч нар нь хүлээн зөвшөөрдөг.