Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа.

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга “”Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 720 ээжид, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид олгож байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргээс 1,021 ээж “Эхийн алдар” одонгоо авч байгаа. Тэдгээрийн дотор тус дүүргийн наймдугаар хороон иргэн хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлэн өсгөсөн дөнгөж 30 хүрч яваа Ц.Халиун гэх ээж байна. “Эхийн алдар” одонг хүртсэн ээжүүддээ нийт иргэдийнхээ болон хувийнхаа зүгээс халуун баяр хүргэе” гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан байдаг.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.