Байр суурь: Миний дүү, биднийг уучлаарай

“Дуугүй байж бай, чимээгүй байж бай” гээд байдаг хүмүүс энэ удаа өөрсдөө чимээгүй байж байгаарай!!! Сүржин, даржин гээд байдаг хүмүүс ч чимээгүй байж байгаарай!!! гуйя…
Энэ зургийг хэд хоног харж суулаа. Тэгээд үдэш дэрэн дээр, үүрээр тэнгэр дор бодогдсон бодлоо та бүхэнтэй хуваалцъя. Тусгаар Монголчуудаа энэ зургийг бүгд дахиад нэг хараад үзье, тэгэх үү. Алгын чинээ жаахан охин Шинжаанийг атгаж байгаа, Хонконгийг атгаж байгаа, Азийн их газрын тэн хагасыг атгаж байгаа 5000 жилийн түүхтэй аймшигт төрийн эсрэг /өөрийг нь хамгаална гэж бодсон юм байлгүй, хөөрхий/Монгол Үндэсний хувцсаа өмсчхөөд, Монгол хэлээ хамгаалаад ингээд зогсож байна!!! танд юу бодогдож байна. /Доор бичнэ биз/

Бидэнд ийм зориг, зүрх бий билүү. Биш ээ, бидэнд ийм их ухаан, хайр, хүндэтгэл бий билүү. Бидэнд үнэхээр тийм аугаа их зүйл үлдсэн үү!!! Би л лав итгэхгүй байна. Байгаа л гээд байдаг, байгаа л гээд байдаг, хаана байгаа юм бэ? Бид ер нь юуны төлөө, хэний өмнөөс зогссон юм бэ? цээжээ битгий дэлдээ. Бахархаад байдаг түүхийг чинь та бид нар бүтээгээгүй, бид ер нь юу ч бүтээгээгүй. Тэр түүхийг чинь биднээс өмнөх яг энэ охин шиг зүрх сэтгэлтэй Монголчууд бүтээсэн юм аа!!! Нэг үгээр хэлэхэд би энэ охины өмнө “ичиж” байна. Итгэдэг, найддаг, хайрладаг, хүндэтгэдэг тусгаар Монгол нь ийм өчүүхэн байгаад ичиж байна. Зөвхөн өөрсдийгөө л боддог, бид л цатгалан байвал, бид л гоё хувцастай, их мөнгөтэй, гоё машинтай байвал газраа бусдаар ухуулж, охидоо бусдад өгч, дааж давахын аргагүй өр шир тавьж, дахин, дахин харийн дээдэст очиж бөхөлзөж байгаа өөрийн ноёдоо хараад ичиж байна. Би ядуу, бид ядуу, биднийг бодсонгүй, бидэнд өгсөнгүй гээд гараа тосоод сууж байгаа Монголчуудаас ичиж байна. Бид зовж байна, бид зүдэрч байна, бид өлсөж байна гэдэгтээ бүр итгэж, эрүүл, согтуугийн дунд амьдарч байгаа, амьдарч байгаа ч гэж дээ өдөр хоногийг өнгөрөөж байгаа Монголчуудаа би энэ Өвөр Монгол охиноос ичээд байна. Миний зөв, чиний буруу, биш ээ тэрний зөв, үг ээ үүний буруу, түй, чи хэн бэ? муу п… гэдгээс өөр үг бараг л мэдэхээ байсан, хар, хор, хир гурваар дүүрэгсдээ яасан ичмээр юм бэ? Англи хэл, Хятад хэл, Япон хэл, Солонгос хэлний сургуульд хүүхдээ сургаж байгаа. Ирээдүйд нь хэрэгтэй, Монгол хэл, бичиг хоцрогдсон, юун ёс заншил, юун яасан угсаа гарвал гэдэг орчин үеийн үзэлтэй болсон, захын зам дээр цус долоосон ноход шиг ярдаглаж байдаг, Мөнхийн мөнхөд жаргах юм шиг байгаа бүх үнэтэй, цэнэтэйгээ үгүйсгэж, өрөөлд өгч байдаг Монголчуудаа би энэ охины өмнө ичиж байна. Болж байна, бүтэж байна, сайн байна, сайхан байна, мундаг шүү, гоё шүү, энэ хүн л биднийг аварна, тэр л бидний амьдралыг дээшлүүлнэ, манай нам, танай нам гэдэг худал, хуурмагаас чинь, хөгжлийн бэрхшээлтэй үзэл бодлуудаас чинь ичиж байна. Өөдгүй, хулчгар, бялдууч, аймхай, өөрийгөө өрөвдөж, өрөөлийг үзэн яддаг, залхуу, атаархуу, арчаагүй зангаас чинь ичиж байна. Яасан бэ, бид нар ийм биш гэж үү? Үгүй ээ, бид нар ийм шүү дээ. Эхлээд бүгдээрээ муугаа мэдье, тэгэх үү!!! өнгөрсөн 30 гучин жилд өөрсдийгөө хэн болсныг нэг харья тэгэх үү!! Тэгээд тэр аймшигт төрийн эсрэг зогссон энэ алгын чинээхэн Монгол охиноос уучлалт гуйя. МИНИЙ ДҮҮ, БИДНИЙГ УУЧЛААРАЙ… БИД ОЛИГТОЙ БАЙСАН БОЛ ЧИ, ТА БҮХЭН ИНГЭЖ ЗОВОХГҮЙ, ЗОГСОХГҮЙ, ЗОЛИОСЛОХГҮЙ байлаа. Эцэст нь хэлэхэд энэ чинь ийм муухай хүн юм уу? өө, ийм амьтан байсан юм уу? сүртэй ш дээ гэсэн бодлууд чинь одоо надад падгүй.

О.Цэнд-Аюуш