Аймгийн хэмжээнд ажиллаж буй камерын нэгдсэн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулагдан үйл ажиллагаа нь эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Цаашид үйл ажиллагааг нь жигдрүүлэх өргөжүүлэх шаардлагатай байгаа.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ажиллаж буй камеруудыг нэгдсэн хяналтын системээр удирдахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг мөн тус төвөөс хянаж байна.
    Удахгүй “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлнэ. Ингэснээр дээрх байгууллагууд осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглаж эхэлнэ.
      Түүнээс гадна дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах ажил хийгдэнэ.
    Ингэснээр хаяг тодорхойгүй айл хайх, мухар гудамжаар орж цаг алддаг асуудлыг удирдлагын төвөөс явах замыг нь зааж өгч зохицуулна. Уг төвд нэг зэрэг 9 дуудлага хүлээн авах боломжтой болох юм.
    Орон нутгийн төсвөөс санхүүжүүлж өнөөдөр 200 сая төгрөг орчим үнэ бүхий автомашины суурин болон гар богино долгионы 63 станцыг БОЭТ-ийн яаралтай түргэн тусламж, Цагдаа, Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжүүдийг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал дээрх байгууллагын удирдлагуудад гардуулан өгөв.
   Энэхүү станц нь аналог системийг тоон системд хувирган ажиллах боломжтой бөгөөд ашиглалтын өмнөх туршилт хийхэд Хөшөөтийн даваанаас нааш ажиллаж байжээ.
Мэдээллийн төв