Өнгөрсөн зуны супер хит “Бороо” дуу өнөөг хүртэл хүүхэд залуусыг байлдаг дагуулсаар байна. Уг дууг реппер Гинжин болон Mrs M нарын хамтран дуулсан юм. Тэгвэл сүүлийн үед гаргасан дуу бүхэн нь олны анхаарлыг татах болсон реппэр Гинжин гэж хэн бэ.

Түүнтэй танилцая.

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өвөрмөц хэв маяг, стилиэр өөрийгөө бүрдүүлж буй залуу уран бүтээлч юм. Түүний гаргасан дуунууд ихэвчлэн өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэв маягтай байдаг. Сүүлийн үед тэрээр реппер Mrs.M-тэй хамтарсан дуэт цомог дээр ажиллаж байгаа аж.

Мөн бие даасан уран бүтээлүүдээ гаргасаар байгаа. Одоогоор түүний хийж байгаа хамгийн том ажил нь энэ цомгийн төсөл юм байна.

Реппер Гинжингийн хувцаслалтын хувьд гадны репперүүдийг нэг их дуурайгаад байдаггүй. Тэрээр саяхан нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрэв хүмүүст миний имидж таалагддаг бол өөрт яг таарсан юмаа өмсчээ гэсэн үг. Би өнгөрсөн онд үндэсний хувцсаа өмсөөд Тайвань улсын “Азийн хөгжмийн наадам”-д оролцоход намайг хамгийн урд манлайлуулж, алхуулж байсан. Монгол дээл хамгийн гоё үндэсний хувцаснуудын нэг.

Мөн би шивээсэнд дуртай. Анхны шивээсээ есөн жилийн өмнө хийлгэж байлаа. Зарим хүн хөгшрөхөөр шивээс муухай харагдана, дэмий гэж ярьдаг. Гэхдээ өтөлсөн хойно харамсахааргүй дурсамжтай байхын төлөө, залуу насандаа л дуртай зүйлээ хийж амьдрах хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.
Мөн тэрээр 2019 онд “Golden Melody” хөгжмийн наадам болон Тайванийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцож байсан байна. Түүний зарим нэгэн дуунаас дурдвал 2018 онд “Хөөрхөн охид трап сонсдог”, “Байжий”, “Өнөөдөр” гэсэн эерэг дуунуудаа гаргасан. Харин өнгөрсөн онд тэрээр хөрш орнуудынхаа зах зээлд зориулж дуу гаргаж эхэлсэн бөгөөд “Арассо” буюу солонгосоор “за юу” мөн “Ганбэй” буюу Мандарин хэлээр “Тулгая” нэртэй дуугаа гаргасан байна.