Мэргэжлээ хөрвүүлсэн олны танил одод

Дуучин Нара онлайн цагдаа болжээ

Аралын Япон оронд дуучин мэргэжил эзэмшиж эх орондоо ирсэн хүн бол дуучин Нара.

Мэргэжлийнхээ үр шим, залуу насны гоо үзэсгэлэнгээр эрчүүдтэй нэр холбогдож явсан тэрээр хүүгээ төрүүлээд урлагаас зайгаа авсан ч, нийгмийн идэвхи зүтгэлээрээ олны анхааралд байсаар байна. Ямар сайндаа л “Та нар битгий хэл, би ч ямар дуу дуулж байснаа санахгүй байна” хэмээн хошигнож байхав. Ганц бие хүчирхэг ээжүүдийг төлөөлдөг тэрээр сүүлийн хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж байсан тэрээр сүүлийн хэдэн жил онлайнаар бараа бүтээгдэхүүн рекламдангаа зөгийн аж ахуйн бизнес эрхлэх болсон. Харин сүүлийн хоёр сар луйварчин, залилагч этгээдүүдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, олон нийтэд ил зарлах цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна.

Эдийн засагчаас намын бамбай болсон “Дух” Б.Цэцэг

“Хадаг” киногоороо олонд танигдсан “дух” хочтой Б.Цэцэг төрсний дараах таргалалтаас хэрхэн ангижрахыг өөрийн биеэр “гайхамшиг” үзүүлж чадсан. Тэрээр энүүгээрээ олонд илүү танигдсан. Өөрийн гэсэн үзэл бодолтой бүсгүйчүүдийг төлөөлж чаддаг тэрээр угтаа эдийн засагч мэргэжилтэй. Одоо доктороор суралцаж байгаа. Б.Цэцэг сүүлийн үед МАН-ын бамбай, нүүр царай болох болсон. Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бүрийн сайхныг ам хуурайгүй магтаж, өрсөлдөгч намынхаа Пи Ар-ыг миалах болсон харагдана лээ.

Дуучин Отгонжаргал

Алтан хоолойт дуучин гэгддэг Д.Отгонжаргал муугүй жүжигчин гэдгээ “Ану хатан” кинонд харуулаад авсан. Дахин түүхэн кинонд тоглохгүй гэдгээ амлаад авсан түүнд киноны пробонд орох урилга их ирдэг гэсэн шүү.

Загвар өмсөгч Сарнай

Япон улсад бүрэн дунд, их дээд боловсрол эзэмшсэн загвар өмсөгч Сарнайг яруу найрагч С.Дулмаа гуайн амин хайртай охин гэдгийг хүн бүр мэддэггүй.

Азийн шилдэг загвар өмсөгч болж явсан тэрээр дуучны карьеарыг “Яг түүн шиг” шоунаас олж авсан. МУГЖ “Буржгар” Жагаа түүнд зориулж дуу хийхээ амалсан ч, сураг чимээгүй 2 жил боллоо. Ямартаа ч дуучин Сарнай гэх нэр удахгүй цуурайтах биз ээ.