Нийслэлийн хүн амын дийлэнх хэсэг нь гэр хороололд амьдарч байна. Өдгөө монголын цуутай алдартнууд дунд гэр хороололд төрж өссөн хүн олон. Тэднийг сийрүүлэн тоймлъё.

УИХ-ын гишүүн Т. Доржханд


ХҮН-аас УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрх барилцаж яваа хүн бол Т.Доржханд. Хүүхэд насаа гэр хороолол өнгөрүүлсэн гэдгээ хэнээс ч нуудаггүй тэрээр “Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж байхгүй̆. Хүн битгий хэл техник өгсөхөд цуцахаар өгсүүр, уруу гуу жалганд хүүхэд амьдардаг. Гудамжинд хүүхэд гарахад нохойд хөөгдөж, машинд туугдана. Дэлгүүр гүйх, усанд явах гэсэн хоёрхон маршруттаи” гэх эмзэглэлээ сошиалд бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байв.


Эдийн засагч “ДеФакто” Д.Жаргалсайхан


Толгой цохих эдийн засагч, банкирын карьераа хараат бус сэтгүүлч, лекторын ажлаар сольсон хүн Монголд Д.Жаргалсайханаас өөр байдаггүй байх. Тиймээс түүний нэрийн өмнө цөөнгүй гуншин дагалдана. Уншигчид түүнийг нийтлэлч, харин үзэгчид нь “Де факто”-гийн гэдэг бол бизнесийнхэн эдийн засагч Жаргалсайхан гэдэг. Түүний хүүхэд нас мөн л гэр хороололд өнгөрчээ. Энэ тухайгаа “Би гэр хороолол модоо хагалаад, усаа түрээд гүйж явсан даа. Гэр хорооллын хүүхдүүдэд хандаж хэлэхэд, Сайн сур. Нэг өдөр байранд амьдарна шүү. Ядуу төрсөн бол чиний буруу биш. Харин ядуу амьдарвал чиний буруу. Эрдэм мэдлэгтэй хүн ядуу байдаггүй” гэжээ.


Загвар өмсөгч Э.Оюунбилэг


Гэр хорооллоос төрсөн модел гэгддэг бүсгүй бол “Mongolia’s Next Top Model” шоуны шилдэг оролцогч Э.Оюунбилэг. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Байр, хаус аваад өгье сайхан амьдруулаад өгье гэсэн саналууд олны танил эрхмүүдээс надад ирж байсан” гэж байв. Өдгөө үе тэнгийнхээ зурагчин залуутай гэр бүл болж, үрийн зулай үнэрлэн жаргалтай сайхан амьдарч байна.


Реппэр Gee


Гэр хорооллынх гэдгээрээ бусад реппэрүүдээс онцгойрохын тулд урлагийн нэрээ GEE хэмээсэн хүн бол Мөнх-Эрдэнэ. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа Толгойтод нүүрс түлээ зарж, микроны кондуктор байснаа олноос нуудаггүй.


Олимпын аварга Э.Бадар-Ууган


Шархадны эцсийн унаган хүүхэд бол Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган. Өдгөө хөрөнгө чинээгээрээ залуу үеийн шинэ баячуудын эгнээнд орсон түүний гэр бүл “Өүжин мед” гэх үргүйдлийн эмнэлэгтэй. Эмнэлгийнхээ дэргэд үргүйдэлтэй гэр бүлд зориулсан сан байгуулсан гэсэн. Түүнчлэн, Э.Бадар-Ууган аварга хотын захын гэр хорооллын сургуульд олимпийн ирээдүйн аваргуудыг бэлтгэх зорилготой “Бадар-Ууган” төслийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Уг төсөл өдгөө түүний төгссөн төрлөх сургууль болох Шар хадны 79 дүгээр сургууль дээр хэрэгжиж байгаа гэсэн.


Түүний найз МУГТ, боксчин П.Сэрдамба ч бас Дэнжийн мянгаас гаралтай.