Малайз улсад зохион байгуулагдан 2018 оны FIBA 3×3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийг эзэд боллоо.

Манай баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн “B” хэсэгт орсон юм.
Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор “B” хэсгээс 1-р байраар шалгарч шилдэг найм буюу хасагдах шатны тоглолтондоо Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглохоор болсон юм.

Ийнхүү манай улсын шигшээ хүрэл медалийн төлөө огшоосон маш гайхалтай тоглолтыг үзүүлж Катарын шигшээ багийг 21-15 харьцаатай дутуу гаргаж хожсоноор анх удаа оролцсон FIBA 3×3 U18 Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байна.

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон залуу тамирчиддаа нийт сагсан бөмбөг сонирхогчдын өмнөөс халуун баяр хүргэе.