Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын мөнгө угаасан гэх хэргийн шалгалтын ажиллагаа нэлээд удаашралтай байгаа аж. Тэднийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн улмаас нийт гурван тэрбум 160 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий.


Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь уг мөнгийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Хэргийг сануулбал, Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь 2014 онд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдсон байдаг.
Энэхүү хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авхуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандсанаар тавигдсан хилийн хориг нь үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн Д.Батбаярыг Авлигатай тэмцэх газраас БНХАУ-ын иргэдийг залилж, бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх хэргээр мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн. Түүнийг БНХАУ-ын иргэдэд тусгай зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн 32 сая ам.доллар залилсан гэх хэргээр шалгаж байгаа ба 2016 онд уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг.